Ливийн удирдагч М.Каддафи өнгөрсөн мягмар гаригт ард түмэндээ хандан мэдэгдэл хийснийг тус улсын төв телевизээр үзүүлжээ. АР агентлагийн мэдээлж буйгаар тэрбээр эх орноосоо хэзээ ч гарахгүй хэмээн мэдэгдэж, эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлсэн байна. “Бидэнд одоо ганцхан л зам бий. Эх орон, ард түмнийхээ төлөө бид эцсээ хүртэл тэмцэнэ. Дайснуудад бууж өгснөөс үхсэн нь дээр” гэж М.Каддафи хэлжээ.
Үүний зэрэгцээ НАТО-гийн цэргүүд нийслэл Триполийг бөмбөгдсөөр байна. М.Каддафи нуугдаж байж болзошгүй хэмээн таамаглаж буй газруудыг тэд бөмбөгдөж байгаа аж. Хэдийгээр НАТО “М.Каддафийг устгахыг бид зориогүй” гэж мэдэгдэж байгаа ч ажиглагчид тэдний энэ үгэнд төдий л үнэмшихгүй байгаа юм.
Дашрамд хэлэхэд, өнгөрсөн амралтын өдрүүдэд Ливийн 7000 орчим иргэн Тунис рүү дүрвэжээ. Тунисийн эрх баригчид тэднийг Татауин хотын ойролцоо майханд байрлуулж байна.
Х.ОД