Саудын Арабт эмчлүүлж буй Йеменийн Ерөнхийлөгч Али Абдулла Салехыг эх орондоо буцаж ирэхийг нь хүсэхгүй байгаагаа сө- рөг хүчнийхэн илэрхийлжээ. “Франс-Пресс”- ийн мэдээлснээр тэд “Али Абдулла Салехыг эргэж ирэхийг хүлээж байгаа хүн байхгүй. Харин ч түүний явсныг тэмдэглэн, ард түмэн баяр хийж байна” гэсэн байна. “Ислах” сөрөг хүчний намынхан Ерөнхийлөгч Саудын Арабыг зорьсон нь өөрийнх нь дэглэм унахад ойрхон байгааг мэдэрсний илрэл гэж үзэж байгаа гэнэ.
Олны өмнө үг хэлж байхдаа шархадсан Ерөнхийлөгч хоёр хагалгаа хийлгэсэн аж. Хагалгааны дараа тэрбээр гам сахих, сувилуулах хэрэгтэй байгаа тул хоёр долоо хоногийн дараа эх орондоо эргэж ирнэ хэмээн эрх баригчид мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж буй Абд Рабба Мансура Хади омгуудын зөвлөлтэй тохиролцоонд хүрсний дүнд сөрөг хүчнийхэн нэг хоногийн турш гал нээгээгүй гэж АР мэдээлэв.