Сирийн Жиср аль-Шухур хотод цагдаагийн ажилтнууд руу үл таних этгээдүүд дайрсан тухай АР мэдээлжээ. Тус улсын баруун хойд хэсэгт болсон энэ халдлагын үеэр цагдаагийн 120 ажилтан гэмтсэн байна. Хууль сахиулагчдын мэдээлснээр тэд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар зэхэж байсан “гэмт этгээдүүд”-ийг баривчлахаар явж байсан гэнэ. Тус улсын төв телевизийн мэдээлснээр даваа гаригт хэсэг хүн Засгийн газрын байр руу дайрч, энгийн иргэд болон цагдаагийнхан руу гал нээсэн аж.
ВВС агентлагийн мэдээлснээр энэ бүхэн хэрэв үнэн бол Ерөнхийлөгч арга хэмжээ авах болсон гэнэ. Нөгөө талаас цагдаа нар руу хүмүүс дайрсан эсэхийг шалгах нь зүйтэй гэж ажиглагчид үзэж буй. Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд Жиср аль-Шухурт өнгөрсөн бямба гаригаас эхлэн үймээн дэгдсэний улмаас 35 хүн нас бараад байгаа хэмээн мэдээлжээ. Гэвч амь үрэгдэгсдийн дунд цагдаа нар байгаагүй гэнэ.
Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр нийт 1000 орчим хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гэж “Ройтерс” мэдээлсэн билээ. Эрх баригчид 1963 онд тогтоосон онц байдлыг цуцалж, шинэчлэл хийхээ мэдэгдсэн ч жагсаал цуглаан намжих янзгүй, харин ч даамжирч байна.
Х.ОД