Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Б.Баялагмаа ХЭҮК-т хандаж “Улсын онцгой комиссын гадаад улсаас ирж буй нийт иргэдийг 21 хоногийн хугацаанд тусгаарлахаар гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, хууль бус шийдвэрийн улмаас иргэн надад эдийн засгийн хувьд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэх гомдол ирүүлсэн байна. Гомдлын мөрөөр хуульд заасны дагуу шалгах ажиллагаа явуулахад Улсын онцгой комиссын даргын 51 дүгээр тушаал болон холбогдох журмууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчсөн болох нь тогтоогджээ. Тиймээс Улсын онцгой комиссын даргад хандаж иргэн Б.Баялагмаад учирсан хохирлыг нөхөн төлөх арга хэмжээ авах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд 5/32 дугаартай шаардлагыг хүргүүлсэнбайна. Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлэх үүрэгтэй.