Ливийн Жамахирын удирдагч, хурандаа Муаммар Каддафи “Манай гэр бүлийнхний аюулгүй байдлыг хангасан тохиолдолд бууж өгөхөд бэлэн” хэмээн мэдэгджээ. “Аш-Шарк аль-Аусат” сонинд “М.Каддафийн хүү Сейф аль-Ислам хямралыг шийдэх Ажлын хэсгийг тэргүүлж байна. Хурандаа өөрийнхөө нэр төрийг авч гарахын тулд одоо сөрөг хүчнийхэнтэй зөвшилцөлд хүрэх арга замыг хайж байгаа” гэж мэдээлжээ. Тэрбээр засгийн эрхийг босогчдод шилжүүлэн өгөхөд бэлэн байгаа гэнэ. Гэхдээ өөрийг нь гэмт хэрэгт буруутгах, шүүхгүй байхыг тэрбээр хүсэж байгаа аж.
М.Каддафийг бууж өгөхийг түүний гэр бүл нь дэмжиж байгаа бөгөөд харин хамтран зүтгэгчид нь сүүлчийн сумаа дуустал тулалдах нь зүйтэй гэж үзэж буй. Өчигдөр Ливийн нийслэл Триполид М.Каддафи ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зуматай уулзаж, хэлэлцээр хийжээ. АР агентлагийн мэдээлж буйгаар М.Каддафи босогчидтой энхийн гэрээ байгуулахад бэлэн буйгаа Ж.Зумад хэлсэн аж.
Ливийн төв телевизээр мэдээлснээр М.Каддафи НҮБын хориг арга хэмжээний дагуу НАТО-гийн явуулж буй цэргийн ажиллагааг шүүмжилж, улсыг сүйтгэх гэсэн оролдлого гэж дүгнэсэн байна. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж, Ливийн эрх баригчдад авсан хориг арга хэмжээгээ цуцлахыг хүсчээ. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын тэргүүн энэ талаар М.Каддафитай санал нэг байгаа аж. Үүний зэрэгцээ саяхан болсон “Их найм”- ын уулзалтын үеэр АНУ тэргүүтэй орнууд М.Каддафи бууж өгсөн тохиолдолд түүний аюулгүй байдлыг хангаж өгөх санал гаргаж байсан билээ.
Дашрамд хэлэхэд, М.Каддафийн армид алба хааж байсан цэргийн өндөр албан тушаалтнууд босогчдын талд орсон тухайгаа энэ сарын 30-нд мэдэгдсэн байна. Таван генерал, хоёр хурандаа, нэг түрүүч өөрсдийн цэргүүдийн хамт Ливийн удирдагчид зүтгэхээ больж буйгаа Италийн Гадаад хэргийн яаманд мэдээлсэн аж.