Төв аймгийн Зуунмод суманд Монголын Үндэсний Археологи, угсаатны музей, лабораторийн шав тавих ёслол болжээ.
Монголын Үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгыг нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг арилгах хэтийн зорилго, Шинэ Зуунмод хот, Майдар хотыг дагуул хот болгон хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага зэрэгтэй уялдуулан Төв аймгийн Зуун мод хотын шинэ суурьшлын бүсэд хотын шинэ төв болох “Атарчдын талбай”-н баруун өмнөд хэсэгт 2.4 га газарт байгуулахаар газрын зөвшөөрлийг авч, ерөнхий төлөвлөгөөнд оруулан төлөвлөжээ.
Музейн барилга 8200 метр квадрат орчим талбайтай бөгөөд гадна талаар гэрэлт хөшөө, хүн чулуун хөшөө, буган хөшөө зэрэг сүрлэг археологийн дурсгалууд, угсаатны зарим эд зүйлсийг бодитоор болон хуулбар байдлаар дүрсэлсэн үзүүллэг бүхий цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын орчинтой цогцолбор болон хөгжинө.
Энэ музей нь археологи ба угсаатны үзүүллэгийн 2 жигүүртэй бөгөөд барилгын нийт талбайн 50-иас илүү хувийг үзмэр, үзүүллэгийн танхимууд эзлэхээр төлөвлөжээ. Үзүүллэгийн талбайн археологийн жигүүрт 6 танхим, угсаатны жигүүрт 5 танхимд байнгын үзүүллэг дэглэх ба түр үзэсгэлэн зохион байгуулах том, жижиг 2 танхимтай байх гэнэ.
Монгол Улсад археологийн чиглэлээр Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн тэргүүлэн, Түүх-угсаатны зүйн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан технологийн Их сургууль, Улаанбаатарын Их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн зэрэг байгууллагууд судалгаа шинжилгээний ажил хийдэг бөгөөд Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт 8 мянга гаруй дэсийн 20 мянга илүү олдвор хэрэглэгдэхүүн, бусад байгууллагуудын сан хөмрөгт ч дутахааргүй олон тооны археологийн олдвор, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна.