Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит уулзалт, хэлэлцүүлэг боллоо. ХНХЯ-нд болсон уг уулзалтыг ажлын хэсгийн ахлагч тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр удирдаж, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Монголын хөрөнгийн бирж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Ард лайф ХХК, Тэтгэврийн реформ хөдөлгөөн, Үндэсний амьдралын даатгал ХХК, Тэтгэврийн ууган сан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, мөн актуарч, холбогдох судлаач нарын төлөөлөл дээрх хуралд оролцов. Хэлэлцүүлэгт оролцсон ажлын хэсгийн гишүүд уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, холбогдох саналаа илэрхийллээ. Хэлэлцүүлэгээс гарсан санал, зөвлөмжийг хэлэлцэн, хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Хуулийг санаачлагчид "Өнөөдрийн хувьд аж ахуйн нэгжийн статусаар байгуулсан тэтгэврийн даатгалын сангууд хуульд хамрагдахгүй. Өвлөгдөж болно, эрүүл мэндийн үйлчилгээндээ зарцуулж болно. Хуримтлалаасаа 50 хувийг нь авч болно. Хадгаламжийн хүү жилд 13-15 хувь байдаг шиг өгөөж нь бодогдоно гэсэн үг" хэмээн сурталчилж буй. Та хувийн нэмэлт тэтгэвэртэй болохыг хүсэж байгаа бол хуулийн төслийг түлхүү уншиж танилцаарай.