Монгол Улсын Засгийн газрын уриалга, бодлогын хүрээнд “Эртэч, эерэг, эрүүл Монголын төлөө хамтдаа” уриан дор нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, өглөөний гудамж төслийг дэмжин Монголын Үндэсний музей нь соёл урлагийн байгууллагуудаа уриалан түүчээлж энэ удаагийн өглөөний музей үйл ажиллагаагаа өнөөдөр нээлээ. Өглөөний музейг “Эх түүхээрээ аялахуй” сэдвийн хүрээнд жил бүр цувралаар зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ.
Өглөөний музейн анхны өдөр Монголын Үндэсний музей, Америкийн Нэгдсэн Улсын Смитсоны хүрээлэнгийн хамтарсан археологийн малтлагаар илэрсэн олдвороор бэсрэг үзэсгэлэнг толилуулж, Монголын уламжлалт Халх, Буриад, Дөрвөд, Баяд болон язгууртны хувцас, гоёл чимэглэлийн тайлбар, танилцуулсан бөгөөд үндэсний хувцасны загвар үзүүлжээ. Мөн “Алтай ятга” хөгжмийн зэмсгийг танилцуулж хэрхэн хөгжимдөхийг зааж хөгжим, бүжгийн тоглолт хийсэн ба “Алаг мэлхий”, “Үйчүүр” хэмээх ардын тоглоомоор тоглуулах зэрэг боловсрол, танин мэдэхүйн ажил, Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвөөс эрхлэн гаргасан ном, каталоги, эрдэм шинжилгээний цуврал бичиг, сэтгүүл, хэвлэмэл бүтээгдэхүүнийг сурталчлав.