Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд 2021 оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл гарч байсан. Иймд Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьж дуусгажээ. Терминал барьж байгуулахтай холбоотой санхүүжилтийн 60 хувийг “Эрдэнэс Таван Толгой” ХК, 15 хувийг “Таван-толгой” ХК, 25 хувийг “Энержи Ресурс” ХХК гаргасан гэнэ. Төслийн гүйцэтгэгчээр “Энержи Ресурс” компани ажиллаж, нийт 30 га талбайд терминал байгуулсныг улсын комисс хүлээж авсан талаар албаныхан мэдээллээ.