“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” арга хэмжээнд хүрээнд “Өрхийн тариалан хөдөлгөөн”, хөрсний үржил шим, бордооны туршилтын үр дүн, ургамал газар тариалангийн салбарт бий болсон шинжлэх ухаан, технологийн ололт, гарааны компани, инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, хүнсний ногооны ил талбайн үр үйлдвэрлэлийн тухай танилцууллаа. Мөн ногоог нөөшлөх, хөлдөөх, хатаах технологи, хүнсний ногоог гэрийн нөхцөлд боловсруулах, хүнсний ногооны усалгаа ургамал хамгаалал, Япон улсын ногоочдыг чадавхжуулсан туршлага зэрэг сургалт, нөөшилсөн бүтээгдэхүүн, хүлэмжийн ногооны нэр төрлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм.
2021 онд Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор өрх бүр хүнсээ үйлдвэрлэн бэлтгэх уриалга гаргаж "Өрхийн тариалан хөдөлгөөн"-ийг өрнүүлсэн. Үүний хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр 11 нэр төрлийн 1765 тонн хүнсний ногооны үрийг 80 хувь хөнгөлөн олгосон. Энэ дэмжлэгийн үрийг 10 мянган өрх, 200 гаруй аж ахуйн нэгж, хоршоонд олгосон гэнэ. Үүний үр дүнд энэ жил хүнсний ногооны тариалалт өнгөрсөн жилийнхээс 1.3 мянган га-аар нэмэгдэж, 9.9 мянга-д хүрсэн талаар албаныхан мэдээллээ.