Дорнод аймгийн Матад сумын Мэнэн баг өмнө нь сургуульгүй байсан. Улмаар тус багийн нутагт байрлах Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчдын хүүхдүүд ээж, ааваасаа хол аймаг, хот бараадан сургуульд сурдаг байсан цаг өчигдөрхөн. Тэгвэл аймаг, сумын хамтарсан хөрөнгө оруулалтаар тус багт бага сургууль барьж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус бага сургууль нь 1-5 дугаар ангийн 50 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд хоёр анги бүлэг хичээллэх боломжтой юм. Алслагдсан сумын хүүхэд, багачуудыг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах тухтай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажил болсныг тус багийнхан үнэлж, баяртай байна. Мөн үүрэн телефоны Мобиком компани Дорнод аймгийн Мэнэнгийн талд байрлах Хилийн 0306 дугаар ангид өндөр хурдны 4G сүлжээг шинээр нэвтрүүллээ. Ингэснээр мэдээллийн технологийн хөгжлийг даган улсын хил хамгаалалтад төрөл бүрийн дэвшилтэт техник, технологийг ашиглах боломж нэмэгдэж байгаа юм.