Сүхбаатарын талбайд “Номын баяр-2021” эхэллээ. Их эрдмийн баяр, номтой нөхөрлөх хишиг өдрүүд өнөөдөр бас маргааш, нөгөөдөр гээд амралтын хоног дамжин үргэлжилнэ. Гэсэн ч оюун нь цангасан иргэд ажлын өдөр ч гэлтгүй Сүхбаатарын талбайд өглөө эртээ битүү цуглажээ. Буурал П.Бадарч гуай асартаа тухалж, бултаараа түүний бүчсэн харагдана. Уншигчид хайсан, эрсэн номынхоо нэрийг хэлж, борлуулагч тэдэнд сураг чигийг нь гаргаж өгч байлаа. Талбайн голд зассан зөөлөвчтэй тайзны буланд божин бор хүү тухалж хэвтээд, номноос харцаа үл салгана. Зохион байгуулагчид төв тайзнаа элдэв арга хэмжээ зохион байгуулж, сонирхсон хүмүүс тийш хошуурна. Номын баяр болоод тэр үү нар хүртэж баярлаад таатай гэгч нь төөнөн байна. Өргөн олон харин өөр өөрийн зорьсон асартаа бужигнах авч ер бусын амар амгалан тэнд ноёлно.
Асар асрын гадна уртаас урт дараалал үүсжээ. Урт дараалалд зогсоо хүмүүс тэвэр дүүрэн ном барьсан харагдана. Тэвэр дүүрэн номуудыг ажихуй уран зөгнөл, утга зохиол, сансар огторгуй, хэлзүйн гээд чиглэл чиглэлийн ном байх. Хэн ямар номд дуртай түүнийгээ хямдарсан дээр нь тэвэр тэврээр авсан бололтой. Зарим паблишинг нэг ном авбал хоёр дахь ном бэлгэнд, өөр нэг газар нь 70,50, 30 хувийн хямдрал зарлаж, бас нэг дэлгүүр нь нэг ном авахад 2,3 дахь номыг нь үнэгүй дагалдуулан өгч байлаа. Ерөөс нь бүх номоо ердийн өдрүүдэд борлуулдгаасаа хэд дахин хямдруулжээ, зохиогчид. Манайхны ч магнай нь тэнийж, байгаагаа шавхан баахан ном авч байх шиг.
Зарим хүн асар лангуу тойрон явж, надад хандивлах ном байна уу гэж шална. Борлуулагч охин за ганц ном болох уу гэж алгаа дэлгэнэ. Хажуу дахь охин харин маргааш борлуулалтаас үлдсэн номоо өгнө гэж түр хойш тавина. Багачууд бас ирчихсэн өнгө будаг илүү ном руу зааж эрхэлнэ. Ээж, аав эрхлүүлэх л гэж авчирсан юм хойно заасан номыг нь авч өгнө. Харин зарим нэг томчуул хүүхдээ дарааллын урдуур дайруулж, өөрсдөө зайдуу зогсоно.
Дүрэмт хувцастай сонсогчид, сурагчийн формтой охид энэ баярын нэг тод өнгө. Урт дарааллын дундуур дунд сургуулийн сурагч, оюутнууд олон харагдсан. Ном, мэдлэгээр оюунаа тэтгэхээр ирснийг тэднийг харахаар өөрийн эрхгүй хайр бялхана. Хэвлэлтээс гарсан шинэ номууд, хуучин ховордсон бүтээлүүд, хамгийн олон уншигчтай бестселлерүүд, хүүхэд багачуудад зориулсан гоё хавтас зурагтай товхимол, сэтгүүлүүд өнгө өнгөөрөө л алаглан байна. Алийг нь сонгохоо уншигч абугай, өргөн олон минь өөрсдөө сонгоном зээ.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.