Дархан-Уул аймгийн Прокурорын газраас санаачлан, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын болон Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газартай хамтран ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгажээ. Шалгалтын баг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, эсэх, мөн тус нутаг дэвсгэрт байрлах хяналтын цэгүүд зохих журмын дагуу ажиллаж байгаа, эсэхийг газар дээр нь хянажээ.
Тус аймагт энэ оны есөн сарын байдлаар ашиглалтын 67, хайгуулын 7, нийт 74 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ажиллаж байгаагаас Шарын гол, Хонгор сумдын нутаг дэвсгэрт алт олборлох 9 аж ахуй нэгж, 6 бичил уурхайн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж буй.
Шалгалтын хүрээнд дээрх аж ахуйн нэгж, нөхөрлөлүүд бичиг баримтын бүрдэл ханган холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажилладаг, эсэхийг шалгахад “Манлай геологи хайгуул” ХХК байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, усны дүгнэлтгүй, гэрээ хийгээгүй хэрнээ алт угааж байжээ. Иймд уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.