Хуульч О.Алтангэрэл өөрийн нүүр номоороо дамжуулан Н.Түвшинбаяр, Э.Цэндбаатар, Э.Бадар-Ууган нарын тамирчдыг тойрсон асуудлуудыг хууль зүйн хувьд хөндөж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,
"1. Э.Энхбат начны биеийн байдлаас шалтгаалж Н.Түвшинбаяр ямар хэмжээний хариуцлага хүлээх нь тодорхой болно. Гэмтлийн зэрэг тодорхойлох, амь насанд нь аюул учрах эсэх зэргээс эрүүгийн хуулийн ямар зүйлээр зүйлчлэх нь тодорхой болох бөгөөд хохирогчоос бас мэдүүлэг авах шаардлагатай, биеийн байдалд нь шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг нөхцөл байдлын улмаас хэрэг шалган шийдвэрлэх процесс удааширч байгаа болов уу.(хариуцлага бол гарцаагүй хүлээх ёстой)
2. Э.Цэндбаатарыг зодсон хүмүүс бас эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Үүний тулд Э.Цэндбаатарт учирсан гэмтлийг тогтоох (гэмтэл учраагүй байсан ч хариуцлага хүлээнэ), тухайн үед болсон нөхцөл байдлын талаар мөрдлөг явуулах шаардлагатай. Урьдаас төлөвлөсөн эсэх, бүлэглэсэн эсэх, хувийн өш хонзонтой эсэх, давтан үйлдэл эсэх, захиалгатай эсэх гээд шалгаж тодруулах зүйл олон бий. Э.Цэндбаатарын гомдол гаргах эсэх огт хамаагүй.
3. Э.Цэндбаатар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж Э.Бадар-Ууган мэдэгдлээ. Тийм бол энэхүү үйлдэлдээ Э.Цэндбаатар эрүүгийн хуулийн 20.7-д зааснаар хариуцлага хүлээх ёстой. Олны танил, танил бус олон зуун залуус яг энэ хэргээр шоронд хоригдож байгаа. (дуучин Б.Амархүү рүү яаж дайрч байснаа манайхан санаж л байгаа байх). Бас Э.Цэндбаатарыг багшийгаа зодсон гэж мэдэгдсэн. Энэ нь үнэн бол Э.Цэндбаатар бас л гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Цаг хугацааны хувьд дээрх үйлдлүүд нь 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс өмнө болсон бол зодсон нь өршөөгдөж, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авсандаа эрүүгийн хариуцлага хүлээх магадлалтай.
4. Э.Бадар-Ууган бас боксын холбооны удирдлага Э.Цэндбаатарын үйлдсэн гэх гэмт хэргүүдийг үл мэдээлсэн, нуун дарагдуулсан бол "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хууль зөрчсөнд тооцогдох бөгөөд зөрчлийн тухай хуулийн 5.9-өөр шийтгэгдэх ёстой. Харин Э.Цэндбаатарыг гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.
Хууль зүйн хувьд ийм, харин хүний хувьд...
Э.Цэндбаатар гэж хөөрхөн шар хүү олимпын дэвжээнд олны хайрыг хүлээхэд нь огшин дэмжиж, архи ууж, алдаж эндэн шигшээ багаас хасагдахад нь харамссан хүний нэг нь би. 2008 онд машиныхаа салхивчаар гарч орилон Н.Түвшинбаярыгаа дэмжиж, хэрэглээгүй удсан сархдыг найзуудтайгаа тойруулан баярлаж байхдаа танихгүй хүмүүстэй хүртэл тэврэлдэж явсан, Э.Бадарууганыгаа "Монгол гэдэг бурхан нэрээр нь дэлхийд гоёдог" гэсэн шүлэг уншаад Монголынхоо далбааг нөмрөн гүйхэд нь нулимс унагаж байсан байдаг л нэг бараан монгол.
Энэ залуус алдаж онож, амьдарч, тэмцэж явна. Эх орон нэгтнүүддээ хэмлүүлж, хэрүүлийн бай болж, элдвээр хараалгуулж байна. Гай, гавьяа хоёрыг ялгахаа больсон, утасны дэлгэцийн араас хэнийг ч бай хурууныхаа өндгөөр хэрчээд тавихаас сийхгүй, өнөө маргаашийн ой санамжтай, туу гэхээр дайрдаг араатан шиг болсон, элгэн саднаа гэж бодож явсан хүн сүрэгтээ бариулж байна.
Хичнээн муу байсан ч хүнд хандахдаа жудаг заадаг, хожмын үйлдлээр өмнөхийг нь шүүдэггүй уужим ухаант ард түмэн минь ийм тулга тойрсон амин чанартай болчих ч гэж хэмээн харамсаж сууна. Хэт харлуулж, хэт өмөөрдөг туйлбаргүй зантай хэрнээ тууштай биш, шуугианаас шуугианы хооронд амьдрах бидний уйтан амьдрал "бахархлаа барагсад" гэсэн үгийг санагдуулах нь юутай гашуун" хэмээн бичжээ.