Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохиож ирсэн. Өнөө жил ч уг үйл ажиллагааг алгасахгүй зохион байгуулах нь. Тодруулбал, Үдшийн музей-2021 үйл ажиллагааг есдүгээр сарын 15, 16-ны өдөр 18.00-22.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ үеэрээ Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг танилцуулж, зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж “Хүрээ цам” үзэсгэлэнг дэлгэх гэнэ.
Монголын Чойжин ламын сүм музей нь дэлхийн 25 дурсгалт газрын нэгт зүй ёсоор ордог. Тус сүм музей Ямпай буюу Халх хаалга, Махаранз сүм, Хүндэтгэлийн хаалга, Гол сүм буюу Өршөөлийг хөгжүүлэгч сүм, Занхан сүм, Зуу сүм, Ядам сүм, Өндөр сүм буюу Хотол чуулган тус амгалангийн сүм гэсэн зургаан сүм, таван хүндэтгэлийн хаалгатай. Түүхэн эх сурвалж болох гэрэл зурагт тус музейн зүүн талд нь VIII Богд Жавзандамба, Лувсанхайдав хутагт нарын номын багш Хүрээний Хамба Номун хан Балданчоймболын шарилын сүм буюу гүдингийн сүм хэмээх уран нарийн хийцтэй, хоёр давхар сүм байсан бөгөөд музейн чанх хойно Авга дацан хэмээх салбар дацан байсан. Манжийн эрхшээлийн үед Монгол нутагт тавин таваас дээш тасалгаа буюу өрөөтэй сүм байгуулахад тухайн сүмд Манжийн хаан нэр шагнаж олгодог хуультай байсан учир 1906 онд Бадаргуулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнажээ. Гэвч ард түмний дунд “Чойжин ламын сүм” хэмээх нэрээрээ дуудагдсаар ирсэн түүхтэй.