Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, туухай өргөлт, цэрэг спортын цогцолборын зуны олон төрөлт, саадын зурвасын тэмцээн эхэллээ. Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Хужирбулан дахь сургалтын төвд эхэлсэн эл тэмцээнд хот, хөдөөгийн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагынхан оролцож буй. ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг тэмцээний онцлогийг "Энэ жилийн хувьд зохион байгуулж буй эдгээр уралдаан, тэмцээн нь өмнөх жилүүдийнхээс онцлогтой бөгөөд дэлхийн нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр баг тамирчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, түүний зэрэгцээ уг тэмцээнд оролцогчдоос ихээхэн тэсвэр хатуужил, авхаалж самбаа, зориг тэвчээр, байнгын бэлтгэл сургуулилтыг шаардсан хүнд сорилтын үед зохион байгуулж байна. Нөгөө талаас энэхүү тэмцээн нь Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ой зэрэг түүхэн тэмдэглэлт баяр тохиосон жил болж буй нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгох нь дамжиггүй биз ээ” гэж тодотгожээ. Энэхүү тэмцээнийг цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр зохион байгуулж байгаа юм. Мөн туухай өргөлтийн тэмцээнийг Зэвсэгт хүчний хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулах ба энэ нь холбоо, мэдээллийн технологийн давуу байдлыг бүрэн ашиглах, цаашид энэ хэлбэрээр уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломжийг тодорхойлох өндөр ач холбогдолтой ажээ. Тэмцээнд оролцож буй тамирчдын дотор олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер болон дэд мастер тус бүр 10 гаруй, цэрэгжлийн спортын мастер 30 гаруй, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчин 50 орчим, тэрчлэн 20 гаруй түрүүч, байлдагч нар оролцож байна.