Жил бүр Хөвсгөл далайн эрэг хавийн цэвэрлэгээг орон нутгийн иргэд, завьчид, жуулчны баазын ажилчидтай хамтран зохион байгуулдаг ба энэ жилийн "Эргийн цэвэрлэгээ"-г есдүгээр сарын 6-7-ны өдөр Хатгал тосгоны нутаг дэвсгэрт зохион байгуулжээ. Цэвэрлэгээ хийх явцад олон тооны малгай, хувцасны үлдэгдэл, гутал, углааш болон ахуйн хог болох ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн живх, маш их хэмжээний хуванцар тоглоом, тор, гялгар уутны тасархай, тамхины шилбэ гаргаж авсан талаар албаныхан мэдээллээ.
НҮБ-аас Далай тэнгисийн усыг хамгаалах тухай уриалга гарган Тогтвортой хөгжлийн зорилтын 14 дүгээрт тусгасан ба гишүүн улс бүр эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Ялангуяа Хөвсгөл нуур бол дэлхийн цэнгэг усны нөөцөд бүртгэгдсэн стратегийн чухал обьект юм.