Увс аймгийн Малчин сумын иргэн Ж.Хумбааг Монгол Улсын биет бус өвийн 2020 оны шилдэг өв залгамжлагчаар тодруулж, 30 сая төгрөгөөр шагналаа.
Жутаагийн Хумбаа нь 1942 онд төрсөн, 79 настай. Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм. Тэрбээр, 1959 оноос эхлэн сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан аж.
Ж.Хумбаа нь баяд биелгээ, ихэлийн татлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж гэрээр шавь сургалт явуулахын зэрэгцээ Улаангом сумын Парчин төв, Баруун Монголын язгуур урлагийн “Уран манлай” төв, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлээд байна. Мөн “Цацал”, “Ихэл хуурын эгшиг”, Монгол, Францын хамтарсан “Морин хуур”, “Баядын хуримлах ёс” зэрэг баримтат кинонд шавь нарын хамт тоглосон бөгөөд “Ихэл хуурын эгшиг” баримтат кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байв.
Ташрамд дурдахад, 2018 оны соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар олноо Дөмөн Дулмаа хэмээн алдаршсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дуучин Доржийн Дулам, 2019 оны шилдэг өвлөн уламжлагчаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, туульч Авирмэдийн Балдандорж нар шалгарч, “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналыг гардан авсан юм.