Дархан-Уул аймаг дахь Сум дундын Анхан шатны шүүхийнхэн ОХУ-ын эзэмшлийн байранд түрээсийн төлбөр төлж үйл ажиллагаагаа явуулсаар олон жилийг үдэж буй. “Шүүх өөрийн байртай байх бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж хуульд тусгасан ч заалтыг 1998 оноос хойш бодитоор хэрэгжүүлээгүй аж. Тус шүүх нь ОХУ-ын эзэмшилд буй байрны түрээсийн төлбөр гэж сар бүр гурван сая төгрөгийг ам.доллараар төлдөг гэнэ. Нийслэл дэх шүүхүүд ч ашиглалтын шаардлага хангахгүй хэмээх дүгнэлт бүхий хуучин, нурж унах шахсан, умгар өрөөтэй байруудад үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх. Тус шүүхийн танхим жижиг, агаарын сэлгээ тааруу, хөгц үнэртдэгээс болж шүүх хуралдаанд оролцогч хурлын үеэр ухаан алдаж унасан тохиолдол нэг биш гарсан. Шүүхүүдийн Тамгын газраас шүүх хуралдааны байруудыг шинэчлэх саналаа үе үеийн төр засагт хүргүүлдэг ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байна.