Хөдөөд аливаа хавдар өвчний нарийн мэргэшин эмч болон мэс заслын эмч дутмаг байдаг. Тиймээс иргэд хавдартай гэдгээ мэдэхгүй явсаар хүндрүүлж, эцсийн шатанд орсныг нь хотод очиж үзүүлсэн хойноо мэддэг.
Тэгвэл ХСҮТ-ийнхөн хөдөөгийнхний хорт хавдрын үйлчилгээний бөөгнөрлийг саармагжуулах эхний алхамыг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран эхлүүлсэн байна.
Тодруулбал, тус аймгийн нэгдсэн эмнэлэг болон ХСҮТ гэрээ байгуулсны үндсэн дээр мэс заслын эмч Б.Түвшин гэр бүлийн хамт Хөвсгөлийг зорьжээ.
Хөвсгөл аймаг хорт хавдрыг эрт илрүүлэх төвтэй болж, хавдрын бүх төрлийн үйлчилгээг орон нутагтаа үзүүлдэг болох зорилготой ажиллаж байгаа юм.
Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргалаас Хөвсгөлд аливаа хавдар өвчний нөхцөл байдал болон тусламж үйлчилгээний хүртээмж хэр байгаа талаар тодрууллаа. Тэрбээр “Хөвсгөл аймаг ходоод, улаан хоолой, элэгний хавдрын тохиолдлоор улсад дээгүүр бүртгэгдэж байна.
2020 оны байдлаар Хөвсгөл аймгаас ХСҮТ-д ходоодны хорт хавдрын тусламж үйлчилгээг хамгийн их авсан гэх тоон мэдээлэл бий. Мөн иргэд Улаанбаатар хот руу явж эмчилгээ, үйлчилгээ бүрэн авч чадалгүй, хожуу оношлогдож, хүндрэх тохиолдол элбэг байна. Үүнийг шийдэхийн тулд ХСҮТ-тэй хамтын гэрээ байгуулж, хавдрын нарийн мэргэшсэн эмч урьсан. ХСҮТ-ийн мэс заслын эмч Б.Түвшин бидний саналыг баяртайгаар хүлээн авч, манай аймагт ажиллаж, амьдрахаар болсонд үнэхээр баяртай байна. Энэ оноос эхлэн Хавдрын мэс заслын үйлчилгээг орон нутагтаа үзүүлдэг болох зорилго тавин ажиллаж байна.
Эхний ээлжид ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслыг орон нутагтаа хийдэг болох шийдвэрийг гарган ХСҮТ-ийн мэс заслын эмч Б.Түвшинтэй зургаан сар хамтран ажиллах гэрээ байгуулсан юм” гэлээ.
Цаашид тус эмнэлгийн хамт олон элэг болон эмэгтэйчүүдийн хавдрын эмчилгээ үйлчилгээг орон нутагтаа иргэдэд хүртээмжтэй болгохоор хичээнгүйлэн ажиллах аж. Мөн хавдрын хими эмчилгээ болон бусад төрлийн хавдарт өвчний бүх төрлийн үйлчилгээг аймагтаа үзүүлэх зорилготойгоор хавдрын мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмжийг авах гэрээ хийжээ.