Хүйтний хөндий- Арвайхээр чиглэлийн авто зам нь 1987 онд баригдсан бөгөөд Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймгийг холбох чухал хэсэг юм. Тус автозамд 2004 оноос хойш их засвар хийгээгүй бөгөөд эвдрэл ихтэй, зорчиход хүндрэлтэй авто замуудын нэг юм. Иймд АХБ-ны санхүүжилтээр өнгөрсөн дөрөдүгээр сард засварын ажлыг эхлүүлжээ. Тус замын бүтээн байгуулалтад 150 гаруй ажилтан 70 тоног төхөөрөмж ашиглаж буй бөгөөд 50 гаруй туслах ажилтныг тухайн орон нутгаас ажиллуулж, нийгмийн баталгаагаар хангаж байгаа юм.
Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын их засвар нь хуучин замыг бүрэн сэргээн шинэчилж, шинэлэг шийдлээр хийгдэж буйгаараа онцлог бөгөөд хуучин 5 см асфальтбетоныг доод суурьтай нь 25 см зузаан цементээр бэхжүүлж, дээр нь 5 см харлуулсан суурь асфальт цутгасны дараа нэмж өнгөн асфальт 3 см хийгдэх юм. Хуучин асфальт бетоныг суурьтай нь бэхжүүлж байгаа энэхүү технологи монголд өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд замын чанарт ихээхэн давуу талтай технологи гэж мэргэжилтнүүд хэллээ. Авто замын их засвар 2023 оны 4 сард бүрэн дуусч, ашиглалтад орох бөгөөд замын чанар, арчлалтыг гүйцэтгэгч компани ашиглалтад оруулснаас хойш 3 жилийн хугацаанд бүрэн хариуцна гэдгийг албаныхан мэдээллээ.