Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон юм.
Богдхан төмөр зам баригдсанаар:
- Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ тоосжилт, бохирдол эрс багасч цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай холдуулах боломж нээгдэх юм.
- Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт эхлэж, Хөшигийн хөндийд тээвэр логистикийн гурван шинэ терминал байгуулагдаж, экспорт нэмэгдэж, цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах суурь нөхцөл бүрдэж, Төв аймаг цаашид улсын зэрэглэлтэй хот болон тэлэн боломж бүрдэх учиртай.
- Дагуул хотууд хөгжиж, төр хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын түншлэл идэвхижиж, цаашид Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймаг хотжих үйл явцыг хурдасгасан загвар, сэтгэлгээний болон соёлын өөрчлөлт болно.
- Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Ази, Европын бүс нутагтай холбох “Эдийн засгийн коридор”-ын хөгжил, түүн дотроо Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.