Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар ЗТХ-ын сайд Л.Халтар төмөр замын бүтээн байгуулалтын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Сүүлийн 2-3 жил манай салбарт төмөр замын бүтээн байгуулалтын үе болж байна. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замын ажил удахгүй дуусна. Тавантолгой-Гашуунсуухайтын төмөр замын хувьд 2022 оны 7-р сарын 1-нд хөдөлгөөнийг нь нээхээр тооцоолж буй” гэв. Мөн үүний дараа хэрэгжүүлэх дөрвөн төслийг танилцууллаа. Тодруулбал,
- “Богдхан” төмөр замын ажлыг энэ сард буюу 2021 оны наймдугаар сард багтааж эхлүүлнэ. 135 км үргэлжилсэн 6 зөрлөгтэй, 3 өртөөтэй, газар доогуур 9.1 км, 7.2 км үргэлжисэн хоёр гарцтай бөгөөд 630-700 сая ам.долларын өртгөөр хийх урьдчилсан тооцоо бий. Тус замыг Улаанбаатарын хойд талд байх “Рашаант” өртөөнөөс эхлүүлж, Богдхан уулын зүүн талын “Мааньт” өртөөтэй холбоно. Төмөр замын ажлын хөрөнгийг ОХУ, Япон болон Монгол Улсын засгийн газрын хөрөнгөөр хийхээр төлөвлөж буй.
- Дорнод аймгийн Чойбалсан хотоос Эрээнцав чиглэлийн 237 км замын ажлыг ирэх оноос эхлүүлнэ.
- Арцсуурь, Шивээхүрэн чиглэлийн 1280 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил хүлээгдэж байгаа.
- Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэх бөгөөд тус боомт нээгдсэнээр Монгол улсаас гарах уул уурхайн бүтээгдэхүүний тээврийг нэмэгдүүлэх болно гэв.