Хууль зүй, дотоод хэргийн яам үүсэж хөгжсөний 110 жилийн ойн хүрээнд тус яам хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Монголын хууль зүйн нэвтэрхий толь бичиг”-ийг бүтээжээ.
Эл нэвтэрхий толь бичигт нийтийн ба хувийн зэрэг эрх зүйн, түүнчлэн олон улсын нийтийн ба хувийн эрх зүйн зэрэг бүх салбар эрх зүйн хийгээд дэлхийн болон Монголын төр, эрх зүйн онол, түүх ба криминологи, шүүхийн шинжилгээ зэрэг хууль зүйн хэрэглээний 2200 гаруй шинжлэх ухааны тайлбар өгүүллийг багтаажээ. Мөн толь бичигт багтаасан ухагдахууны толгой нэр томьёог англи хэлнээ оноосон нь Монголын хууль тогтоомжийн нэр томьёог дэлхий нийтийн хууль зүйн нэрстэй жигдрүүлэх, зөв хөрвүүлэх, өвөрмөц онцлог байдлаа тусган илэрхийлэхэд чиглэсэн байна.
Өнгөрсөн нэг жилийн турш олон арван эрдэмтэд тус эмхтгэлийг бүтээхэд оролцжээ. Тодруулбал, Нэвтэрхий толь бичгийн зохиогчоор академич, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх С.Нарангэрэл ажиллажээ. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар номын талаар “Эрхэм Таны гарт очиж буй хууль зүйн энэхүү нэвтэрхий толь бичиг өдөр тутмын хэрэглээний, танин мэдэхүйн, шинжлэл судлалын, боловсрол сургалтын ажил үйлсэд тань тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй. Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг өргөн олон уншигчдад зориулагдсан. Нэг талаар эрх зүйг бүтээж хөгжүүлж байгаа, нөгөө талаар түүнийг хэрэглэж байгаа хэн бүхний хүртээл болгохыг зорьсон болно” гэж тэмдэглэжээ.