Цэрэг, байлдагчаа дэглэдэг, дээрээс нь мэдэх, чадахаар тааруу, гүзээтэй зарим ахлагч, офицероо чадавхжуулах, бие бялдрыг нь хөгжүүлэх үүднээс Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд түвшин тогтоох шалгалт эхэлсэн. Тодорхой хэлбэл, Зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны офицер, ахлагчийн мэргэшил, ур чадвар, албан тушаалын гүйцэтгэл, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, эрүүл мэндийн зэрэглэл, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох, алба хаагчдын ёс зүйн төлөвшил, албандаа хандах хандлага, нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой үзлэгийг Улаанбаатар хот дахь Зэвсэгт хүчний анги нэгтгэлээс эхлүүлжээ. Хотынхны үзлэгийг дуусгаж, одоо аймаг, орон нутагт байрлах Зэвсэгт хүчний анги, салбаруудын түвшнийг тогтоохоор шалгаж байна. Орон нутгийнхний үзлэгийг Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас эхлүүлжээ. Улмаар зэвсэгт хүчний 28 нэгтгэл, анги, байгууллага, Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нарын ур чадвар, мэдлэг, бие бялдрыг шалгажээ. Аймаг, орон нутагт байрлаж буй Зэвсэгт хүчний анги, салбарууд энэхүү үзлэгт өндөр ач холбогдол өгч, бие бүрэлдэхүүнээ бэлтгэн, идэвх, санаачилгатай хамрагдаж буй аж.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 186 дугаар анги биеийн тамирын шалгалт авах байр, талбайгаа сайтар бэлтгэсэн, Зэвсэгт хүчний 330 дугаар анги ажлын хэсгийн бүрэлдэхүүний ажиллах орчин нөхцлийг нь сайн бүрдүүлсэн, Зэвсэгт хүчний 110 дугаар анги бие бүрэлдэхүүнээ сахилга, зохион байгуулалт сайтай хамруулжээ. Үзлэгт офицер, ахлагч нарыг бүрэн хамруулан түвшнийг нь бодитоор тогтоох зорилгоор алслагдсан тусгай салбаруудад хүрч, хүн нэг бүртэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, үнэлэлт, дүгнэлт өгч буйгаа ЗХЖШ-ынхан онцолж байна. Үзлэг шалгалтаар зөвхөн анги нэгтгэл гэхгүй, алслагдмал тусгай салбаруудыг ч хамруулж, амралтын өдөр, ажлын цаг хязгаарлахгүй илүү цагаар ажиллуулж байгаа гэнэ. Мөн анги, байгууллагын үйл ажиллагааг шалгахаас илүүтэй хувь хүнийг үнэлж, дүгнэн, ямар түвшинд байгаа болон алдаа, дутагдал, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах чиглэлийг тайлбарлан таниулж байгаа аж. Энэ удаагийн түвшин тогтоох үзлэгээр офицер, ахлагч нарын албандаа хандах хандлагыг өөрчлөх, үүрэг, хариуцлагыг нь ухамсарлуулах, цэргийн алба хаагчдад тавьж буй шалгуур, шаардлагыг таниулах ажлыг давхар хэрэгжүүлж байна.
Түүнчлэн Хөвсгөл аймагт байрлах Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай ротын захирагч хошууч Р.Цэрэндорж түвшин тогтоох үзлэгт офицер, ахлагч нараа сайн бэлтгэж, бие бялдрын түвшин тогтоох шалгалтад хамгийн амжилттай, идэвхтэй оролцжээ. Цаашид офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэг баруун аймгуудад байрлах Зэвсэгт хүчний анги, салбаруудад үргэлжилнэ.