Сүүлийн долоо хоногт улсын хэмжээнд 9484 иргэн коронавирусээр халдварлаж, 40 хүн нас барлаа. Өмнөх долоо хоног буюу энэ сарын 12-18-ны үзүүлэлттэй харьцуулахад “Ковид-19”-өөр өвчилсөн хүний тоо 19-өөр нэмэгдсэн бол эндсэн нь 10-аар буурчээ. Улаанбаатарт халдварын тархалт саарч, хоногийн үзүүлэлт 500-д хүрсэн. Эл үзүүлэлт цаашид ч буурч, ойрын 14 хоногт 400-д хүрэх төлөвтэйг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Түүнчлэн нийслэлд нийт шинжилгээнд эзлэх эерэг тохиолдлын хувь 17.9 хувьд хүрч буурчээ. Өмнөх долоо хоногт нь эл үзүүлэлт 19 хувьтай байв. Гэхдээ иргэдийн хөл хөдөлгөөн одоогийнхоос нэмэгдвэл коронавирусийн тархалт дахин ихсэж, тооцоолол өөрчлөгдөх магадлалтай гэнэ.
Харин орон нутагт нөхцөл байдал хүндэрч, хоногт илрүүлэх тохиолдлын тоо нийслэлийнхээс давсан. Ялангуяа Дархан-Уул, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс, Ховд аймагт эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Орон нутагт эмнэлгийн орны тоо маш цөөн. Тиймээс аймгуудад халдварын тархалт ихэссээр байвал ор хүрэлцэхгүй болно. Түүнчлэн эмч, мэргэжилтэн ч хүрэлцээгүй. Ялангуяа халдварт өвчний чиглэлийн мэргэшсэн ажилтан цөөхөн. Хэрэв “Ковид-19”-ийн тархалт одоогийнхоос хоёр дахин нэмэгдвэл аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ доголдож, тун хүнд байдалд орно. Зарим аймгийнхан биеийн байдал нь хүндэрсэн хүмүүсээ нийслэл рүү шилжүүлэх хүсэлт тавьж эхэлсэн” гэлээ.
Бэлтгэсэн М.Оч