Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 2020-2021 онд төлөвлөсөн томоохон ажлуудын нэг МТ-1001, МТ-1002 нисдэг тэрэгний Ангар барих ажил. Ангар барих төлөвлөгөөний дагуу тус ангийнхан өчигдөр шавийг нь тавьжээ. Тус бүтээн байгуулалтын ажлыг 2021 ондоо багтаан дуусгана. Тодорхой хэлбэл, долдугаар сарын 20-оос энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд “Жойнт актив” ХХК-ны ажилчид хийж гүйцэтгэх юм. Ангар нь олон улсын чанарын стандартад нийцсэн Нисгэгч болон нисэх инженер техникийн бүрэлдэхүүний тав тухтай эрүүл аюулгүй орчин нөхцөлд ажиллах боломжийг бүрдүүлэх аж. Мөн тус ангид одоогоор ашиглаж байгаа 2 нисдэг тэрэгний ашиглалт эдэлгээг уртсахаас гадна ангийн бэлэн байдлын зэрэг дээшлэх ач холбогдолтой. Өвлийн нөхцөлд гадаа байдаг нисдэг тэргийг асаахад дор хаяж 2 цаг халааж байж нисдэг бол ангартай болсноор нисдэг тэргийг цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай асаан, нисэх боломж бүрдэнэ. Мөн нисэх инженер техникийн бүрэлдэхүүн цаг агаарын хүнд нөхцөлүүдэд гадаа ажилладаг байсан бол ангартай болсноор нисдэг тэрэгний техник үйлчилгээг дулаан орчинд цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай хийх боломж нөхцөлөөр хангах юм.