Хүн ам өсөж, хотжилт эрчимжихийн хэрээр идэш тэжээл хайсан, бэртэж, гэмтсэн зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол эрс нэмэгджээ. Тухайлбал, нийслэлийн Байгаль орчны газарт энэ төрлийн дуудлага, мэдээлэл 2018 онд 30 удаа ирсэн бол 2019 онд 43, 2020 онд 116 болж өсжээ. Мөн хүний амь, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц аюултай бамбай хоншоорт могой хотын төвд элбэг үзэгдэх болсон байна. Өнгөрсөн онд иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн 40 орчим хувь нь энэ могойтой холбоотой байж. Харин он гарснаас хойш 20 гаруй тохиолдол бүртгэгджээ. Уржигдар буюу энэ сарын 21-нд гэхэд бага насны хүүхэд могойд хатгуулж, ГССҮТ-д хүргэгдсэн тохиолдол Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Нийслэлийн ойр орчимд өргөн тархсан хоёр төрлийн могойны нэг болох (нөгөө нь рашааны) бамбай хоншоортын ерөнхий зүс хар хүрэн, хул шарга боловч тухайн орчноосоо хамаарч хувьсан өөрчлөгддөг тул иргэд тэр бүр анзаардаггүй гэнэ. Түүнчлэн бороо хур элбэгтэй үед үерийн усаар дамжин, эсвэл автомашинд тээвэрлэгдэн хотын төвд орж ирэх нь түгээмэл аж. Иймд иргэдийг могойд хатгуулах аюулаас сэрэмжлэхийг, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг тус газраас анхаарууллаа.