Замын-Үүд боомтод бөөгнөрсөн тээврийн хэрэгслүүдийн дарааллыг багасгах, улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, Эрээнээс орж ирсэн ачааг авто машинаас галт тэргэнд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулах Улаанбаатар болон бусад 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулах үүрэг, зорилго дор бүрэн эрхт төлөөлөгчөөр Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар нарыг томилсон. Үүнээс гадна Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Цэргийн мэргэжлийн удидлагын хэлтсийн дарга, хурандаа Т.Батсайхан зэрэг алба хаагчид удирдлага зохион байгуулалтаар ханган, чиглэл өгч ажиллаж байна. Тодруулбал, БНХАУ-ын Эрээний боомтод гацсан Монголын бизнес эрхлэгчдийн захиалгат барилгын материал, гэр ахуйн болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, төрөл бүрийн түүвэр ачаа, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авахад Зэвсэгт хүчний алба хаагчид хяналт тавьж буй гэнэ. Мөн ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын захирагч, ахлах дэслэгч М.Цогнэмэхээр ахлуулсан 25 алба хаагчид гурван нэгж техниктэйгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дөрвөн шалган нэвтрүүлэх цэгт хяналт тавин явган болон машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлжээ.