Ихэнх гол, нуурын усны түвшин нэмэгдсэн, мөн амралт, зугаалгын идэвхтэй үе тохиосонтой холбогдуулан нийслэл, орон нутгийн Онцгой байдлын газрын аврагчид завьт эргүүл ажиллуулж, болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж байгаа. Гэсэн ч иргэд болгоомжгүй байдлаасаа болж усанд осолдох, эндэх тохиолдол цөөнгүй гарав. Тодруулбал, баяр наадмын амралтаар буюу энэ сарын 10-18-нд 33 удаа усны осол гарч, 22 хүн амиа алджээ. Нийслэлд зургаа, орон нутагт 16 хүн эндсэнээс дөрөв нь хүүхэд байв. Золгүй байдлаар нас барсан иргэдийн дийлэнх нь Туул, Хэрлэн, Хараа, Эг зэрэг томоохон голд живсэн бол тав нь тогтоол усанд энджээ. Иргэд голдуу загасчлах, сэлэх, зураг авхуулах зорилгоор усанд орж, амиа алдсан бол хийлдэг гудастай осолдож, урссан тохиолдол хэд хэд гарчээ. Энэ сарын 16-нд Хэнтий аймгийн Баян-Овоо сум дахь Гүрмийн нуурт хийлдэг гудастай хөвж явсан бага насны зургаан хүүхдийг онцгой байдлын алба хаагчид аварч, асран хамгаалагчдад нь хүлээлгэж өгсөн байна. Булган аймгийн Баян-Агт сумын нутаг, Шаргын нуурт хийлдэг гудастай зугаалж байгаад салхинд туугдан, эргээс алсарсан иргэнийг цагдаагийн алба хаагч аварсан явдал уржигдар болжээ.
Өчигдрийн байдлаар Сэлэнгэ, Булган, Хэнтий, Архангай аймагт усанд осолдож, сураггүй болсон зургаан иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байв. Хамгийн эхний тохиолдол нь энэ сарын 4-нд Сэлэнгэ мөрөнд автомашинтай осолдсон иргэд бол сүүлийнх нь Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурт уржигдар живсэн 42 настай Б аж.
Ойрын өдрүүдэд зүүн болон төвийн аймгуудын зарим нутагт дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй тул малчид, тээвэрчид, аялагчдыг мөндөр, нөөлөг салхи, аянга, үер усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.