Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/177 дугаар захирамжийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 112 барилгын талбайд барилгын түр хашаа, хамгаалалтын торыг норм, стандартад нийцүүлэх, орчны аюулгүй байдлаа хангаж буй эсэхт хяналт, шалгалт хийлээ. Шалгалтаар барилгын түр хашааны шаардлага хангаагүй, орчны аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй 44 барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгжид Нийслэлийн Ерөнхий архитекторын зөрчил арилгах тухай шаардах хуудсыг хүргүүлсэн байна. Үүнээс 14 барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгжээс зөрчлөө арилгасан тухай тайлбар ирүүлжээ.
Мөн барилга угсралтын ажил хийгдэж дуусалгүй удаан хугацаагаар зогссон, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хотын төвд байрлалтай 10 барилгад Барилгын тухай хуульд заасан хамгаалалтын горимд шилжүүлэх, барилгын түр хашаа, саравчийг стандартын дагуу хийх, төсөл хэрэгжих хугацаа, төлөвлөгөөг ирүүлж орчны аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмжийг албан бичгээр хүргүүлсэн аж. Улмаар Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох хууль, норм, дүрмийг мөрдөн, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна.