X хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу Улаанбаатар хотын дулааны 8А, Б, В, Г магистраль шугамыг сольж, бүрэн шинэчлэх ажлыг энэ сарын 14-нөөс эхлүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн V, VI, Сонгинохайрханы XII-XVII хорооны айл өрхүүдийн хэрэглээний халуун усыг ирэх есдүгээр сарын 16 хүртэл хязгаарлахаар болсон байна. Эрчим хүчний яамны захиалга, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр уг шугамыг бүрэн шинэчлэх бөгөөд энэ оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эл ажлын хүрээнд шугам барих газарт байсан ногоон байгууламж, объектуудыг нүүлгэн шилжүүлж буй гэнэ.
1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар уг магистраль шугамыг анх угсарчээ. Тодруулбал, өдгөө 24 жилийн настай болж ашиглалтын хугацаа нь дууссан юм байна. Өнгөрсөн өвөл уг шугамд гурван удаа томоохон гэмтэл гарсан.
Бэлтгэсэн М.Оч