Нийслэлийн Мэргэжлийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан Л.Эрдэнэчулууныг ажил сайжруулахаар Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргаар түр томилжээ. Тодорхой хэлбэл, хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагааг сайжруулах, оновчтой зохион байгуулалт хийлгэхээр гурван сарын хугацаатай томилсон юм байна. 2020 оны арваннэгдүгээр сард хатуу хөл хорио тогтоосон үед НМХГ-ын улсын байцаагч нар ажлын цагаар ажлын байрандаа архидсаныг дарга Л.Эрдэнэчулуун нь тухайн үед тас нуугаад өнгөрсөн. Мөн дүүргийн МХГ-т ковид тархаж голомт болсныг ч нуусан удаатай. Гэсэн ч түүнийг ажил сайжруулна хэмээн үзэж Замын-Үүд рүү томилжээ.
Түүнээс өмнө Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргаар С.Цогбадрах ажиллаж байсан. Томилогдоод жил орчим ажилласан түүнийг албаа хангалтгүй гүйцэтгэсэн хэмээн үзсэн бололтой. С.Цогбадрах нь өмнө мал эмнэлгийн улсын байцаагчаар ажиллаж байгаад мерит зарчмаар албан тушаал ахисан гэнэ.
Ташрамд дурдахад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баярсайхан, албан тушаалтнууд болох Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нарыг 2019 оны долдугаар сард ажлаас нь чөлөөлж, авлига авсан үйлдлийг нь шалгаж, заримд нь ял оноосон байдаг. Тэдний орны хүнийг томилохгүй байсаар 2021 оны босгон дээр Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын даргыг томилсон билээ. Дээрх жишгээр хилийн мэргэжлийн хяналтын албаныхныг авлига, хээл хахуулийн үүр уурхай болсон гэж үзэх хүн цөөнгүй байдаг.