Зайлшгүй шаардлагатай, тийш зүглэхээс өөр сонголтгүй хүмүүс Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд зорчдог болоод удлаа. Тэд өдрийн талыг дэржгэнүүрт замд өнгөрүүлэхдээ үгээ барж, үйл тамаа үзэж байна. Урьд нь энэ хооронд 3-4 цаг явдаг байсан бол одоо үүнээс хоёр дахин ихийг зарцуулдаг болж. Унаагаа хайрладаг, няхуур, болгоомжтой хүмүүс, ачааны машины жолооч нар үүнээс ч олон цагийг зарцуулдаг аж. Хормын төдийд анхаарлаа сулруулах, сэрэмж алдах “эрх”-ийг энэ чиглэлийн зам жолооч нарт ер олгохгүй. Шинэ, туршлагагүй, холын замд гарч үзээгүй хүмүүст бүр ч хатуу, халтай. Тээврийн хэрэгслийн чадал чансаа, жолооч нарын авхаалж самбааг давхар сорьдог. Хаагуур явбал донсолгоо багатай, аюулгүй вэ, энэ зам хаана хүрээд мухардах бол гэсэн байнгын болгоомжлол, тооцооллыг жолооны ард сууж буй хүн бүрээс шаарддаг аж.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд очихын тулд саяхан эл замаар зорчлоо. Нийслэлээс 08.00 цагт хөдөлж, Дархан-Уул аймагт 16.00 цагт хүрэв. Орон нутгийн замд ингэтлээ ядарч, зутарч байгаагүйгээ ойлгов. Зам, дэд бүтэц улс орны хөгжилд ямар чухлыг мэдэрлээ. “Урьхан” зоогийн газрын гадаа цөөн үг сольсон жолооч “Замыг гүйцэд ашиглалтад оруултал ийшээ дахиж зүглэхгүй. Энэ замд “Приус” үнэхээр тохиромжгүй юм байна. Овон товонтой газар тэгнээд, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчих юм. Донсолно гэж ч айхавтар. Нэг “юм” дуугараад байхаар нь машинаа оношлуулахаар энд зогслоо. Зоогийн газраас бусад үйлчилгээгээ зогсоочихож. Одоо яаж явна аа” хэмээн зүрхшээсэн шинжтэй ярьсан юм. Харин тус чиглэлд сүүлийн гурван жил хүнс тээвэрлэж байгаа, “Оргих булаг” компанийн ажилтан Н.Эрдэнэтогтох “Зам засвартай учраас энэ хооронд явах тээврийн хэрэгслийн тоо буурсан. Уг нь өдийд хөдөлгөөн тасардаггүй юм. Тээврийн жолоочид л өвчин зовлон, замын саад бэрхшээлийг ажрахгүй зүтгүүлж байна. Өмнө нь долоо хоногт 3-4 удаа тээвэрт явдаг хуваарьтай байсан. Одоо нэг, хоёр удаа л явж буй. Гараа багассан учраас цалин буурсан. Замын ажил нь хурдан дуусаасай гэж явах бүртээ боддог” гэв.
Шавар шалбааг болсон замд хүнд даацын машинууд шил шилээ даран “сууж”, овооролдсон зургийг саяхан нэгэн залуу олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Бухимдсан жолооч нар “Энэ замаа хурдан нээгээч ээ, …” хэмээн хараалын үгийг хайр гамгүй “урсгасан” байна билээ. Үүнийг үзсэн, тус чиглэлд ойрын үед зорчоогүй хүмүүс залуучуудын соёлгүй, бүдүүлгийг ихэд гайхжээ. Харин зовлонг нь мэдэх хүмүүс тэднийг өмөөрчээ. Иргэд ингэж бухимдахаас, энэ байтугайг хэлэхээс аргагүй нөхцөл байдал тус замд үүссэн. Багахан бороо орох төдийд л тухайн хэсгийн зам намаг балчиг болон хувирч, тээврийн хэрэгслүүдийг “шийрдэж” байна.
АЮУЛТАЙ ЗАМ
Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлийн зам хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгө (тээврийн хэрэгсэл)-д хэрхэн аюул учруулж, хохироож байгааг амтай болгон хөнддөг, “гасалдаг”. Харин байгаль орчинд хэрхэн заналхийлж байгааг тэр бүр ойшоодоггүй бололтой. Бартаат замд явж ядан буй “жижиг тэрэгнүүд”-ийн тоосонд даруулахгүй гэсэндээ, донсолгоогүй газраар зорчихын тулд жолоочид хаа сайгүй зам гаргажээ. Эрүүл хөрсийг хайр гамгүй талхалж, доройтуулжээ. Сүлжилдсэн могой шиг салаа замаар жаран хөлт мэт олон дугуйтай хүнд даацын машинууд зорчиход талаар нэг цагаан тоос манарч байв. Үдэш оройн цагаар үзэгдэх орчныг хязгаарлах аж. Зөвхөн үүнээс болоод жолооч нар осол гаргах эрсдэл үүсжээ. Машиныхаа цонхыг онгойлгож, агаар сэлгэх талаар бодох ч хэрэггүй болжээ. Тоос, тортогт даруулахын нэмэр.
Уг нь хот хоорондын хатуу хучилттай авто замыг хаах шийдвэр гарсан даруйд сайжруулсан шороон зам зэрэгцүүлэн засжээ. Гэвч энэ нь хайргатай, энхэл донхол ихтэй учраас жолооч нар ногоон тал дээгүүр туучжээ. Өмнө нь ийм байгаагүйг “Дархан АЗЗА” ТӨХК-ийнхан онцолсон юм. “Үндсэн замыг хаасан учраас ийм байдал үүсэх нь аргагүй. Үүнийг хянах, хязгаарлах ямар ч боломжгүй. Гол нь замын засвар, шинэчлэлийн ажлыг хугацаанд нь дуусгах хэрэгтэй. Уулын ам, хондлойд хүрээд мухарддаг замууд болон үерийн эрсдэлтэй хэсгүүдэд хязгаарлалтын самбар байршуулсан. Бусад хэсэгт чөлөөтэй зорчиж буй. Зарим нь зам товчлох гэж уулаар яваад төөрөх, амралтын газруудад хүрээд буцах тохиолдол байнга гардаг” гэлээ.
Ийм “зохиомол” зам харагдаж байгаагаасаа хэд дахин их хор уршигтай. Тоос, тоосонцрын уурхай болдгоос гадна ойр орчмынхоо хөрсний үржил шимийг “сордог”. Тодруулбал, автомашинуудын босгож буй нарийн ширхэгт тоос, тоосонцор ургамлын угт шигж, ургах боломжийг нь хязгаарлаж байдаг. Харин нэгэнт ургамал ургахаа байсан газар хуурайшиж, чийгээ алдаж, улмаар цөлжих нөхцөл бүрддэг. Яг ийм байдлаар сүйдэж, доройтсон газар манай улсад өчнөөн бий. Монголчууд замгүй газраар тээврийн хэрэгслээр давхилдсаны улмаас 300 мянган га бэлчээрийн талбайг үгүй хийсэн гэсэн тооцоог НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийнхөн гаргажээ. Энэ нь дунджаар нэг сумын нутагтай дүйх хэмжээний газар гэнэ. Харин Дархан-Уулын зам дагуух сүлжилдээн энэ тоог даруй 200 гаруй км-ээр нэмэх нь гарцаагүй болов.
ХУГАЦААНДАА ДАХИАД Л АМЖИХГҮЙ НЬ
Олон хүний амийг авсан, олон улсын авто замын хамгийн муу, чанаргүй байгууламжийн жишээ болсоор ирсэн тус замын засварыг анх 2020 оны намар дуусгаж, арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж холбогдох албаны хүмүүс сүр дуулиантайгаар эхлүүлж байв. Гэвч энэ хугацаа хэдэнтээ өөрчлөгдсөний эцэст 2022 оны аравдугаар сар дээр тогтоод буй. “Trimble 3D GPS” хэмээх машин удирдлагын шинэ системийг тухайн замын ажилд ашиглаж эхэлснээр гүйцэтгэл, бүтээмж дөрөв дахин ихэссэнийг ЗТХЯ-ныхан онцолж байгаа ч бодит үр дүн нь тэр хэмжээнд гарсангүй. Таван багц замын гурав нь 90 хувийн гүйцэтгэлтэй буй (түр хугацаанд нээсэн) бол үлдсэн хоёрынх нь ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Хар модтын давааны араас “Урьхан”, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх нийт 91.3 км замын ажил огт эхлээгүй. Гүйцэтгэгч компанийг ч шалгаруулаагүй байгаа юм. Нэг, гурав, тавдугаар багцын ажил бүрэн дууслаа гэхэд тус чиглэлийн замын 56 хувь буюу 112.8 км нь ашиглалтад орно гэсэн үг.
ЗТХЯ-ныхан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр замын нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ “Үлдсэн хоёр багцыг гүйцэтгэх компанийг ойрын хугацаанд тодорхой болгож, ажлыг даруй эхлүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ төлөвлөгөө тийм ч амар биелэхээргүй дүр зураг харагдаж байгаа юм. Өдгөө ажил нь саатсан хоёр багцын анхны тендерт шалгарсан компанийг гэрээний үүргээ зөрчсөн гэдэг үндэслэлээр түдгэлзүүлсэн. Харин тус компанийнхан үүнийг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж, шүүхэд хандсан. Төслийн санхүүжилтийг хариуцагч Азийн хөгжлийн банкныхан энэхүү маргааныг нэг тийш болгож, тооцоогоо дуусгаж байж хамтран ажиллах дараагийн аж ахуйн нэгжийг шалгаруулахыг ЗТХЯ-ныханд үүрэгджээ. Төслийг санхүүжүүлэгч, хариуцагч, гүйцэтгэгчийн хооронд ийм чагт үүссэний улмаас хоёр болон дөрөвдүгээр багцын ажил саатжээ. Аливаа нэг маргааныг таслан шийдвэрлэх хугацаа, цаг үеийн нөхцөл байдал, хүйтэн сэрүүний улирал юу юугүй хаяанд ирэх дөхсөн зэргээс үзэхэд 91.3 км замын ажил энэ онд эхлэх, цаашлаад 2022 онд хугацаандаа амжиж ашиглалтад оруулах, эсэх нь ч бүрхэг байна. Жолооч нар дутуу засвартай зам дээр хэр хугацаанд “доголж” явах нь эргэлзээтэй. Хот хооронд зорчигчид тоост хөндийгөөс салахгүй нь.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Дархан-Уул аймгийн зам хэзээ ашиглалтад орох вэ” гэсэн асуултад хариулахдаа “Сүүлийн үед Монгол Улсын хэмжээнд гарч буй авто замын бүх ослыг Дархан-Уулын замд “нааж”, улстөржүүлж байна. Тухайн чиглэлд түр зам тавьснаар ослын тоо харьцангуй буурсан. Уг замаас үүдэлтэй нас баралтын талаарх Тээврийн цагдаагийн албанаас гаргасан сүүлийн гурван жилийн статистик мэдээллийг танд хүргүүлье” хэмээн ихэд ёжилж, доромжилно лээ. Хүний амийг их, бага гэж тоогоор хэмжих нь маш болчимгүй, бүдүүлэг үйлдэл. Тэр дундаа улсын дэд бүтцийн асуудал хариуцсан яамыг толгойлдог сайд ийм тайлбар хэлэх нь дэндүү ичгэвтэр. 200-хан км авто замын ажлыг хэл ам, хэрүүл тэмцэлгүй дуусгаж, хүн хүчнийнхээ нөөц боломжийг хуваарилж чадахгүй байна гэдэг гутамшиг. Зохион байгуулалтгүй, төлөвлөлтгүй ямар ч ажил хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, төсөвт байнгын дарамт үзүүлэхээс гадна хүрээлэн буй орчинд асар их хор уршиг амсуулдгийн тод жишээг Дархан-Уулын зам ийнхүү харуулсаар байна.