Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж Улсын баяр наадамд зориулах байсан мөнгөө ковидын эсрэг эмчилгээ, үйлчилгээнд зарцуулахаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, тус аймгийнхан Улсын баяр наадам, 90 жилийн ойгоо тэмдэглэхгүй. Тэгвэл Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал ч "No naadam" хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлэн 90 жилийн ойд зарцуулах мөнгөө ковидын эсрэг зарцуулна гэв. Улмаар цагдаа, эмнэлэгтээ машин авч, тоног төхөөрөмжийг нь шинэчилж, хэлснээ ажил хэрэг болголоо. Залгуулаад Дархан-Уул аймгийнхан наадмаасаа татгалзав. Товчхондоо Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ огт зохион байгуулахгүй байхаар шийджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Орхон аймгийнхан мөн наадам тэмдэглэх төсвөө ковидын эмчилгээнд зарцуулж буйгаа мэдэгдлээ. Засгийн газраас өмнө нь мэдээлэл хийхдээ ковидын тархалт намжвал долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумд наадмаа тэмдэглэж болно гэсэн билээ. Гэвч зарим аймгийн удирдлага энэ жил огт наадам хийхгүй гэдгээ ээлж дараалан мэдэгдэж эхэллээ.