Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт халдвар голомтлон тархаж, эмнэлгийн 99 ажилтан коронвирусээр өвчилжээ. Тус эмнэлэгт зургаан голомтоос үүдэлтэй халдвар тархсан байна. Тодруулбал, нүдний хоёр эмчээс голомттой 15, Дотрын тасгаас үүдэлтэй 5, Мэс заслын тасгийн 13 ажилтан, Удирдлага мэдээллийн тасгийн 17 ажилтан, Амбулаторийн 15 ажилтан, эдгээр голомтоос үйлчилгээний нийт 24 ажилтан халдвар авч, эмнэлгийн бусад шалтгаанаар 10 тохиолдол бүртгэсэн байна. Эдгээр тохиолдлуудын эх уурхай нь зөөвөрлөгдсөн буюу Улаанбаатар хотоос ирсэн сахиур иргэн болон ээлжийн амраалтаараа нийслэлд ирсэн ажилтнаас голомлон тус эмнэлэгт тархжээ.
Нэгдсэн эмнэлгийн захирал одон медалын найр наадам хийсний улмаас халдвар голомтлон тархаж, улмаар эмнэлэг үйл ажиллагаа хэвийн явуулж чадахгүйд хүрсэн талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.
Бид мэдээллийг нягтлах үүднээс Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Г.Оюунжаргалаас тодрууллаа. Тэрбээр, “Коронавирусийн халдвар аймгийн Нэгдсэн эмнэлэгт голомтлон тархсан нь үнэн. Бид халдварыг хумих зорилгоор долоо хоногийн хугацаатай зарим тасгуудын үйл ажиллагаа түр зогсоож, хэвтэн эмчлүүлж байсан иргэдийг хувийн эмнэлэг рүү түр шилжүүлж, халдваргүйжилт, ариутгал хийсэн. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 21-27 хооронд зарим тасгийн үйл ажиллагааг зогсоож, зайлшгүй шаардлагатай хүүхдийн, мэдрэлийн, дотрын, хавдрын, мэс заслын тасгуудаа хэвийн ажиллуулсан. Өнөөдрөөс эмнэлэг ногоон бүс болж хэвийн горимдоо буцаж орсон.
Зарим хүмүүс цахим орчинд эмнэлэгт халдвар голомтлон тархсан шалтгааныг надтай холбож тайлбарлаж буй. Намайг одон медалийн найр хийж, халдварыг тараасан гэж нэр хаяагүй цахим хуудаснаас бичжээ. Гавьяатынхаа шагналыг саяхан авахад гэр бүл болон хамт олон маань хоёр хэсэг газарт цомхон угтаж авсан. Үүнийг хүмүүс найр гэж ойлгосон байж магадгүй. Найр наадам хийгээд явах зав зай бидэнд байхгүй. Өдөр, шөнөгүй халдвартай хүмүүсийг эдгээхийн төлөө бид ажиллаж байна. Миний хувьд дөрвөн удаа PCR шинжилгээ өгөхөд хариу сөрөг гарсан” гэлээ.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн нэгдсэн эмнэлэгт халдвар авсан 256 иргэн эмчлүүлж буй. Эдгээрийн 55 нь эмнэлгийн ажилтан аж. Биеийн байдал нь маш хүнд 66 настай эмэгтэй, хүнд 10, хүндэвтэр 28, бусад нь хөнгөн өвдсөн байна.
Мөн 99 эмнэлгийн ажилчдын найм нь эдгэрч, ажилдаа оржээ. Эдгээр иргэд бүгд хөнгөн хэлбэрээр өвдсөн бөгөөд долдугаар сарын 1-нээс халдвар авсан иргэд бүгд хэвийн ажилдаа орох аж.