-Дархлаажуулалтаар бус, халдвараар эхний тавд бичигдлээ-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтаар дэлхийд эхний тавд орно” хэмээн мэдэгдсэн нь саяхан. Гэтэл манай улс дархлаажуулалтаар бус, халдварын тархалтаар эхний тавд багтчихлаа. “Оксфорд Мартин” институтээс гаргасан судалгааны дүнгээр манай улс нэг сая хүн амд ногдох шинэ тохиолдлын тоогоор Оманы дараа хоёрдугаарт бичигдэж байна. Уржигдар илрүүлсэн тохиолдлын тоогоор ийнхүү дэлхийд аман хүзүүдэв. Тухайн өдөр манай улсад хоногт илрүүлсэн тохиолдлын тоо анх удаа 2000-ыг давж, 2188 болсон. Гэхдээ асуудал үүгээр дууссангүй. Хоногийн үзүүлэлт өчигдөр дахин нэмэгдэж, 2263 иргэнээс коронавирус илэрч, дээд түвшиндээ хүрлээ. Халдварын эл үзүүлэлт сүүлийн таван өдөр дараалан шинэчлэгдээд буй юм.
Халдварын тархалт ихэссэн гол шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгууль байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сард коронавирус дотоодод тархсанаас хойш өдгөө долоон сарын хугацаа өнгөрлөө. Түүнээс хойш манай улс дөрвөн удаа хатуу хөл хорио тогтоосон нь нийт гурван сар үргэлжилсэн. Ийнхүү удаан хугацааны хөл хорионы дараа буюу өнгөрсөн тавдугаар сарын 22-нд орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн нь Төрийн тэргүүний сонгуулийн сурталчилгааг эхлүүлэхтэй холбоотой байлаа. Үүнээс хоёр хоногийн дараа сонгуулийн сурталчилгаа орон даяар эхэлж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт үргэлжилсэн. Ингэснээр нийслэлээс гадна орон нутаг ч нөхцөл байдал хүндэрсэн. Одоогоор 16 аймгийн 73 сумд хатуу хөл хорио тогтоогоод байна. Түүнчлэн удахгүй халаагаа өгөх Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн өнгөрсөн сарын 26-наас эхлэн ажлын өдөр бүр шахам шагналын хур буулгаж, нийслэлийн төв талбайд иргэдийн бөөгнөрөл үүсгэв. Цаашлаад Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхээр төр, засгаас шийдвэрлэсэн бөгөөд цар тахлын хүнд үед 10 тэрбум төгрөгийг үүнд зарцуулна хэмээж буй. Хэрэв эл ой, баяр наадмыг тэмдэглэвэл дахиад л олон хүн цугларна, нэмээд л халдвар тархана гэсэн үг.
ЭМЧ, АЖИЛТНУУДЫН АЧААЛАЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ
Цар тахлын үед ачааны хүндийг үүрч буй хүмүүс нь эмч, эмнэлгийн ажилтнууд. Өнгөрсөн дөрөвдүгээр сард, хоногт халдвар авсан хүний тоо 1000-д хүрээгүй байхад л “Хөл хорио тогтоохгүй бол эмнэлгийн ачаалал эрс ихсэж, тусламж, үйлчилгээ хэвийн явуулж чадахгүйд хүрлээ” хэмээсэн эмч, эмнэлгийн ажилтнуудын нөхцөл байдал өдгөө ямар түвшинд хүрсэн нь ойлгомжтой. “Сонгуулийн өмнө л эмч нар халдварыг хүчрэхгүй буйгаа хэлсэн. Ингэсээр байхад зөрж сонгуулиа хийсэн. Гэтэл одоо иргэдээс шинжилгээ авахгүй, хүрч үйлчлэхгүй байна гээд яах вэ. Эмч нар хамгаалалтын хувцсаа хайрлаад, бие засахгүй, 12 цагийн турш ус уухгүй, живх өмсөн ажиллаж байна. Бие засвал хамгаалалтын хувцсаа солих болно. Нөөц хангалтгүй гэдэг үгээр амаа таглуулсан хүмүүс шүү дээ” гэж нэгэн эмч твиттерт бичжээ. “Ковид-19”-тэй тэмцэж, ажил үүргээ гүйцэтгэж явсан 180 эмч манай улсад халдварт өртсөн. Гэтэл өвчилсөн үедээ цалингаа ч авч чадахгүй байгаа талаар бас нэгэн эмч олон нийтийн сүлжээнд бичжээ. Халдварын голомтод, хамгийн хэцүү нөхцөлд ажиллаж буй эмч, ажилтнуудад яагаад хамгаалах хувцас, хэрэгсэл хангалттай бус байна вэ. Улсын хэмжээнд эмнэлгийн 27 000 гаруй ор бий. Үүнээс 7000 гаруйг нь “Ковид-19”-ийн эмчилгээнд ашиглах боломжтой гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭМЯ-наас мэдээлж байв. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо өчигдрийн байдлаар 9323. Ингээд тооцвол эмнэлгийн ор ч хүрэлцэхээ больжээ. Гэтэл иймдээ тулсныг ЭМЯ, төр, засаг нь ярих, арга хэмжээ авах нь битгий хэл “Наадмаа хийхийн тулд вакциндаа хамрагд” хэмээх нь зөв үү. Өдгөө зарим өвчтөнийг тусгаарлах байр, сургуулийн дотуур байранд хэвтүүлэн эмчилж эхэлсэн байна. Эмнэлэгт зөвхөн өндөр настай, архаг хууч өвчтэй иргэдийг л хэвтүүлж буй аж. Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд хэвтэн эмчлүүлж буй иргэн М “Бага насны хүүхдүүдтэй учраас гэртээ байх боломжгүй гээд энд авчирсан. Хөнгөн өвчилсөн болохоор хүндрэл харьцангуй бага байна. Энд 500 гаруй хүн эмчлүүлж буй бололтой” гэв.
ЭМ АВЧ ЧАДАХГҮЙ ИРГЭД ЯАХ ВЭ
“Коронавирусийн халдвар авснаа мэдээд айж сандрах иргэн цөөнгүй байна. Та айж сандрах хэрэггүй. Тандалтын баг гэрт тань ирэхийг хүлээгээрэй. Бас өрхийн эмч тань зөвлөгөө өгнө. Өрхийн эмч тань холбогдохгүй бол та өөрөө эмчтэй утсаар яриарай. Үүнээс гадна 119 дугаарын утас руу залгаж, мэдээлэл, зөвлөгөө авч болно” гэж ЭМЯ-наас өчигдөр олон нийтэд мэдээлэв. Гэтэл бодит байдалд Тандалтын баг халдвар авсан иргэдэд хүрч ажиллаж чадахгүй, “Өвдөөд хэцүүдлээ гэсэн ч тоохгүй юм” гэх хүн олон байна. Түүнчлэн “119 дугаарын утас ачаалал ихтэй, арай ядан холбогдохоор өрхийн эмчдээ ханд гэдэг. Гэтэл өрхийн эмч ачааллаа дийлэхгүй байна” гэж иргэд хэлэх болов. Нөхцөл байдал илт хүндэрсэнтэй холбоотойгоор албаныхан ойрын хавьтлын байтугай халдвартай иргэддээ ч хүрч үйлчилж чадахаа больсон. Өрхийн эмч нь ойрын хавьтлын иргэдэд дархлаа дэмжих, вирусийн эсрэг эм уухыг зөвлөж буй гэнэ. Гэтэл тэдгээр эм нь нэлээд өндөр өртөгтэйгөөс гадна олдохгүй, ховордсон гэж нэгэн иргэн хэллээ. Тэрбээр “Таван ам бүлтэй гэр бүлийнхний тав хоног уух эм нь 255 900 төгрөг боллоо. Нэг том хүн, 0-13 насны дөрвөн хүүхдийнх шүү. Гроприносин эм, виферон лаа зэргийг таван өдөр тодорхой тунгаар ууж, хэрэглэхийг зөвлөсөн. Гэр бүлийн хүн минь халдвар авсан учир бид ойрын хавьтал болсон. Тандалтын баг зургаа хоногийн дараа ирж шинжилгээ авах юм билээ. Тэр хүртэлх тав хоногт дархлаагаа дэмжих шаардлагатай гээд эдгээрийг хэрэглэхийг зөвлөсөн” хэмээв. Тэгэхээр мөнгөгүй иргэд шинжилгээ өгч чадахгүй, дархлаа дэмжих эмч авч чадахгүй, биеийн байдлаа ажиглахаас өөрийг хийх боломжгүй гэсэн үг.
ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДСАН ИРГЭД Ч ХАЛДВАР АВЧ БАЙНА
Манай улсад хэрэглэсэн дөрвөн вакцины үр дүнг судлах ажлын хэсгийг өнгөрсөн гуравдугаар сард байгуулжээ. Харамсалтай нь төсөвгүй шалтгаанаар судалгаа хийж чадаагүй гэнэ. Улсын хэмжээнд 18-аас дээш настай иргэдийн 79.6 хувь буюу 1 645 893 хүн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан. Өөрөөр хэлбэл, хоёр тун вакцин хийлгэсэн. Гэтэл тэдгээр иргэн ч коронавирусээр халдварлах болов. Үүний гол учир шалтгааныг тодруулах эрдэмтэд төсөвгүйгээс судалгаа хийж чадахгүй байгаа. Харин Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг саяхан “Нийт өвдсөн хүний 10 хувь нь вакцины хоёр тун хийлгээд 14 хоног нь өнгөрсөн байна” хэмээсэн. Гэтэл үүний гол шалтгаан, асуудал нь юу байв гэдэгт тэрбээр “Мэргэжлийн байгууллагууд өдөр бүр шалгалт явуулж, зөрчлүүдэд арга хэмжээ авсаар буй ч бодит байдал ийм байна. Давтан тундаа хамрагдаагүй 200 000 иргэн бий. Тэр дундаа 18-30 насныхны хамрагдалт сул байгаа. Энэ насныхан олноороо цугларч, бөөгнөрснөөс өдөр бүрийн тохиолдлын 40-50 хувийг эзэлж байгаа. Вакцинд 100 хувь буруу өгөхөөс илүү хүн бүр хариуцлагатай бол заавал хатуу хөл хорио тогтоохгүй. Засгийн газраас, УОК-оос шат дараатай арга хэмжээ авсаар байгаа ч цар тахлыг аль нэг тал дангаараа давах боломжгүй. Төр, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хамтын хариуцлага” гэсэн. Нөхцөл байдлыг хүндрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн асуудлуудын талаар тэрбээр ер дурдсангүй. ЭМЯ тэргүүтэй холбогдох мэргэжлийн байгууллагынхан ч энэ талаар ганц ч үг ганхийсэнгүй. Өөрөөр хэлбэл, төр, засгийнхан өөрсдөө хариуцлагагүй байдлыг эхлүүлсэн атал өдгөө олон нийт, иргэд л буруутай мэтээр ярих болов. Ялангуяа залуус вакцинаа хийлгэсэнгүй, гадуур их явлаа гэж гоочилж буй нь шударга бус.
НААДМАА ӨНЖЬЕ
“Ковидгүй зуны төлөө вакцинаа хийлгэе” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриалсан. Гэсэн ч зун “Ковид-19”-гүй болохоосоо өнгөрөв. Өнөөдөр зургадугаар сарын 15. Уг нь энэ өдрөөс эхлэн халдварын тархалт, нас баралт эрс буурна гэж манай эрдэмтэд тооцоолсон. Харамсалтай нь, нөхцөл байдал тооцооллоос хол зөрлөө. Бүх нийтээрээ халдвар хамгааллын дэглэм баримталсан бол дээрх тооцоолол биелэх боломжтой байв. Үүнээс гадна долдугаар сарын 1 гэхэд хүн амын 60 хувийг дархлаажуулалтад хамруулж, бүх нийтээрээ амны хаалтгүй наадна гэсэн Ерөнхий сайдын хүсэл биелэх боломжгүйд хүрлээ. Тиймээс өндөр өртөгтэй наадмаа өнжиж, төсвийг нь эмч, ажилтнуудаа хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах, халдварын тархалтыг хумих, эрдэмтдийнхээ судалгааг урагшлуулахад зарцуулъя, Ерөнхий сайд аа. Тэгээд ч наадам зохион байгуулбал хоногийн үзүүлэлт 2500 давна гэж ЭМЯ-наас мэдэгдээд байна.
Бэлтгэсэн: М.Оч