Шинэ Зеландад 6.3 баллын хүчтэй газар хөдөлж, 65 хүний амь эрсэдсэн талаар бид өмнө мэдээлсэн. Өчигдрийн байдлаар амь үрэгдсэн хүний тоо 75 болж, 300 гаруй хүн ор сураггүй байна. Газар хөдөлснөөс 27 цагийн дараа аврагчид “Pyne Gould” барилгын нурангиас Анн Бодкин хэмээх эмэгтэйг аварчээ.
Тэрбээр ширээн дор нуугдаж, азаар ямар нэгэн бэртэл аваагүй байна. Аврагч өөр амьд хүн олоогүй бөгөөд Анн Уосс хэмээх бүсгүй нуранги дороос утсаар ярьсан ч мөдхөн холбогдох боломжгүй болсон тул байршлыг нь тогтоож чадаагүй байна.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Кэйгийн мэдэгдсэнээр тус улсад 12 тэрбум долларын хохирол учраад байгаа аж. Тус улсад үүнээс өмнө 1931 онд 7.8 баллын хүчтэй газар хөдөлж байсан бөгөөд өчигдрөөс эхлэн онц байдал зарлалаа.