Их Британийн алдарт жүжигчин Чарли Чаплин цыган үндэстэн байсныг нотлох нэгэн баримтыг түүний хүүхдүүд олжээ. BBC телевизээр энэ тухай мэдээлэхдээ “Алдарт жүжигчний хүүхдүүдийн аавынхаа бичгийн ширээнээс олсон захидалд Чарли Чаплины нагац эгч цыган хүн байсан тухай бичсэн байжээ” гэсэн байна.
Ч.Чаплиныг 1889 онд Лондоны зүүн өмнөд хэсэгт төрсөн, эцэг эх нь мюзик-холлын жүжигчид байсан гэж үздэг. Жүжигчний үеэл дүү нь харин “Цыган хатан” гэгддэг, сайхан дуулдаг, бүжиглэдэг эмэгтэй байсан тухай тэрбээр хүүхдүүддээ ярьж байсан гэнэ.
Бүрх малгай, таяг, томдсон гутал, гунигтай инээмсэглэлээрээ үзэгчдийн сэтгэлд үлдсэн алдарт жүжигчин өөрийгөө цыган хүн гэдгээ нууцалдаг байсан байж магадгүй юм.