АНУ-ын чингэлэг зөөвөрлөгч “Mаерск Aлабама” хөлгийг эзэлж, багийн гишүүдийг барьцаалсан Сомалийн далайн дээрэмчин Абдивали Абдикадир Мусед 33 жил, есөн сар хорих ял оноожээ. Сүүлийн 100 жилд анх удаа далайн дээрэмчнийг шүүсэн энэ хурал Нью-Йорк хотод болсон юм. Абдивали Абдикадира Мусегийн өмгөөлөгч 27 жилийн ял оноох хүсэлт гаргасан ч шүүгч Лоретта Преска үүнийг эсэргүүцсэнээр зогсохгүй дээрэмчинд 550 мянган долларын торгууль ногдуулсан юм. Өдгөө 18 настай далайн дээрэмчин дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийн толгойлогч байсан аж.
АКМ буугаар зэвсэглэсэн тэд 2008 оны дөрөвдүгээр сарын 8-нд Аденийн хойгт хөвж явсан “Maерск Алабама” руу дайрч, онгоцонд байсан төмөр шүүгээнээс 30 мянган доллар хулгайлан, багийн гишүүдийг барьцаалсан аж. Мөрдөн байцаалтын явцад буруугаа хүлээсэн тэрбээр “Сомалид дээрэм хийхгүйгээр амьдрах арга байхгүй” гэж мэдэгдсэн байна.
Абдивали Абдикадир Мусегийн ээж Сомалийн захад сүү зардаг нэгэн бөгөөд “Миний хүүг гэмт этгээдүүд уруу татсан. Өсвөр насны хүүхдүүдийг мөнгөөр хуурч, дээрэмчин болгодог хүмүүс Сомалид олон бий” хэмээжээ. Зорчигч, ачаа тээврийн усан онгоц дээрэмдэж, далайчдыг барьцаалан мөнгө нэхдэг 1000 гаруй хүн байдаг гэсэн тоо бий.
Загас агнуурын бага оврын хөлөг, моторт завиар далайд гарч, дээрэм хийдэг 500 гаруй хүнийг баривчилж байсан ч ихэнхдээ тэдний зэвсгийг хураан, буцааж явуулдаг аж. “Сомалийн дээрэмчдийг ялна гэдэг Афганистанд энхийг тогтоохоос ч хэцүү” гэж АНУ-ын Төрийн департаментын Далайн дээрэмчидтэй тэмцэх албаны зохицуулагч Донна Хопкинс хэлсэн нь бий.
1990-ээд онд Сомали улс хоёр хуваагдан, эрх баригчдад захирагдахыг хүсээгүй хэсэг залуу нийлж өөрийн бүлэглэлийг байгуулсан гэдэг. Тэд анхандаа далайн усыг бохирдуулан, Сомалийн эрэгт цацраг идэвхт бодис зөөж асгадаг онгоцуудыг устгах зорилготой байж. 2000 оноос энэ тэмцэл бизнес болон хувирч, олон улсын хөлгийг дээрэмддэг болжээ. 2004-2008 оны хооронд л гэхэд Сомалийн дээрэмчид 100 гаруй хөлөг барьцаалсан байна.
Одоогийн байдлаар дээрэмчдийн барьцаанд 286 хүн байгаа юм. Олон улсын хүний эрхийг хамгаалах конвенцид далайн дээрэмчдийг шийтгэх, ямар нэгэн зүйл ангиар шүүх тухай заалт байдаггүй. Түүнчлэн далайн дээрэмчид өөрийн орны эрэгт ойролцоо явж буй хөлгийг дээрэмддэг.
Энэтхэгийн далайд дээрэмчдээс усан онгоцуудыг хамгаалах эргүүлийн 30 гаруй хөлөг байдаг ч дээрэмчид туршлагатай, дээрээс нь зохион байгуулалт сайтай тул тэдэнд тэр бүр баригддаггүй аж.
Х.Одончимэг