33 цаг тасралтгүй үнсэлцсэн хос Гиннесийн дээд амжилт тогтоосон тухай Telegraph өчигдөр мэдээллээ. Валентиний өдрийг тохиолдуулан Тайландын Паттайяа хотод хосуудын дунд хэн хамгийн удаан үнсэлцэх вэ гэсэн тэмцээн зохион байгуулсан бөгөөд уралдаанд 14 хос оролцсоноос долоо нь 2009 онд герман хосын тогтоосон 32 цаг 7 минут 14 секундын амжилтыг эвдсэн байна. Хосууд бямба гаригт үнсэлцэж эхэлсэн бөгөөд оролцогчдод хоол унд идэж, бие засахад нь тусгайлан цаг гаргаж байсан боловч унтах, суухыг хориглосон байна. Ялагч хосод мянга гаруй фунт стерлингийн үнэтэй очир эрдэнийн шигтгээтэй бөгж, 2000 гаруй фунтын мөнгөн шагнал өгчээ.