Хоёр долоо хоногийн турш үргэлжилж буй Египетийн үймээн ажил хаялтаар даамжирлаа. Тунисийн төрийн эргэлтээс жишээ аван Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулахыг шаардаж жагсаал хийж буй египетчүүд бүх нийтийн ажил хаялт зарлажээ. Тус улсын төмөр замын 3000 гаруй ажилчин ажилдаа гарахаас татгалзсан тухай АР агентлаг мэдээлж байна.
Орон даяар болж буй үймээнийг зогсоохын тулд Египетийн Засгийн газар төсвийн ажилчдынхаа цалинг 15 хувиар нэмсэн юм. Төмөр замын ажилчид замын хашлага даган сууж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Мөн Каир, Александрии хотын автобус, троллейбусны жолооч нар ч ажил хаяж эхэлсэн байна.
Түүнчлэн Суэцийн сувгийн оператор компанийн ажилчид ч энэ жишээг дагах бодолтой байгаа гэнэ. Тэд цалин нэмэх, ажлын цагийг багасгах шаардлага таьж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийг огцруулахыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Томоохон хотуудыг хамарсан үймээний улмаас тус улсын эдийн засагт ихээхэн хохирол учраад байгаа энэ үед ажил хаялт удаан үргэлжилбэл байдал улам ч дордоно хэмээн ажиглагчид үзэж буй.
Х.ОДОНЧИМЭГ