Манай орны ихэнх нутагт ойрын өдрүүдэд нойтон цастай, салхи шуургатай, зэврүүн байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Уржигдар буюу 5-6-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Төв, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь аймагт их хэмжээний нойтон цас орж, салхины хурд секундэд 14-28 метр хүрснээс зарим сумд цаг агаарын аюулт үзэгдэл болжээ. Тодруулбал, Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр, Адаацаг, Эрдэнэдалай, Өндөршил, Гурвансайхан, Дэрэн сумд хамгийн зузаан буюу 6-17 мм цас орж, салхины хурд зарим газарт 28 метр хүрсэн гэнэ. Үзэгдэх байдал хязгаарлагдсанаас автомашин зорчих аргагүй болж, олон мал цасанд дарагдсан тухай мэдээлэл байна.
Дундговьд нөхцөл байдал ямар байгааг аймгийн Онцгой байдлын газрын дарга М.Адъяабаатараас 15.00 цагт (өчигдөр) тодруулахад “Салхины эрч одоо л саарч байна. 20.00 цаг гэхэд тогтуун болох төлөвтэй. Гурвансайхан, Цагаандэлгэр, Дэрэн сумд нэлээд цас орж, хамгийн их хохирол учирсан. Хэчнээн мал цасанд дарагдаж, үхсэнийг эцэслэн тогтоохоор ажиллаж байна. 3000 орчим гэсэн багцаа тоо гаргасан. Сумын Онцгой комиссынхон дуудлага, мэдээлэл өгсөн айлуудад очиж, газар дээр нь ажиллаж байгаа” гэв.
Дорноговьд мөн их хэмжээний цас орж, зарим чиглэлд зам хаасан мэдээлэл байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Батсүх “Цаг агаар одоо хэвийн байна. Хойд сумуудад өнгөрсөн шөнө нойтон цас орж, хүчтэй шуурга болсон. Хөл хөдөлгөөнгүй, мал хотондоо байх үеэр шуурсан учир хохирол гарзгүй өнгөрлөө. Өдрийн цагаар ийм үзэгдэл болбол малчид төөрөхөөс эхлээд мал шуурганд уруудаж алдагдах гээд аюул их. Бидэнд одоогоор гамшгийн холбогдолтой ямар нэг дуудлага ирээгүй” гэв. Өнөөдөр үдээс өмнө болон хойш Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-24 метр хүрч ширүүсэн, цасаар шуурах тул малчид, тээвэрчид болзошгүй аюулаас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.
Бэлтгэсэн: Ж.Мишээл