Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ёнпён аралд болсон буудалцааны улмаас харилцаа нь хурцдаад байсан БНАСАУ, БНСУ хэлэлцээр хийж эхэллээ. Умард Солонгос хэлэлцээр хийх саналыг энэ оны эхээр Өмнөд Солонгост удаа дараа тавьсан юм. Энэ удаагийн хэлэлцээрт хоёр улсын армийн төлөөлөгчид оролцож байна.
Хоёр улсын хилийн зурваст орших Паньмыньжон хотод болж буй эл уулзалтаар хоёр Солонгосын аюулгүй байдлыг хангах, хууль бусаар хил зөрчихийг зогсоох арга замыг хэлэлцэж буй аж. Энэ хэлэлцээрээр хоёр тал харилцан тохиролцож чадвал Батлан хамгаалахын сайд нар, цаашлаад Төрийн тэргүүн нар уулзаж, хэлэлцээр хийж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.