Маргааш төвийн аймгуудын ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст нойтон цас орж, шуурна. Энэ үед говь, талын нутгаар хүчтэй салхилж, шороогоор шуурахыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа. Мөн салхи маргааш ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Тавдугаар сарын 8-нд нутгийн зарим газраар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуургатай. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Харин Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5, өдөртөө 15-20 градус дулаан байх төлөвтэй. Бусад нутгаар энэ сарын 5-9-нд шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Энэ сарын 6-нд баруун аймгуудын нутгаар, маргаашаас нь ихэнх нутгаар дулаарна.