Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилтай өчигдөр танилцжээ.
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн “Багц-1”-ийн хучилтыг 2020 онд дуусгасан бөгөөд гологдол засварлах ажлыг энэ онд хийх юм байна. Харин “Багц-3”-ыг 92 хүн, 66 техник тоног төхөөрөмж ашиглан ажилласаар байгаа аж. Зургаан хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажил хийгдэж байгаа энэ багцын нийт ажлын гүйцэтгэл 69.83 хувьтай яваа аж.
“Багц-5” ажлын талбайд 61 хүн, 35 техник, тоног төхөөрөмж ажиллаж, 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн болон өмнө хийгдсэн суурийн засварын ажил хийгдэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 73.57 хувь.
“Багц-2”, “Багц-4”-ийн зам барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлыг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг энэ тавдугаар сард сонгон шалгаруулж гэрээ байгуулах юм байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажлыг гуравдугаар сарын 26-наас эхлүүлжээ. Одоогоор ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн ажил ид өрнөж байна хэмээн албаныхан мэдээллээ.