Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэн, удаа дараа мэдэгдэл хийж байсан. Тэгвэл өнөөдөр тус эвлэлийн харьяа газрууд нэгдэж, цахим цуглаан зохион байгууллаа. Тодруулбал, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэн 13 заалт бүхий санал шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буйгаа мэдэгдэв. Мөн цахим цуглааны үеэр 21 аймаг болон гишүүн байгууллагын төлөөллүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр "Олон улсын хөдөлмөрчдийн өдрийг улс орнууд өөрсдийн зорилго дор тэмдэглэж байна. МҮЭХ нийгмийн даатгалын шимтгэлийг эсэргүүцсэн том зорилгын дор өнөөдрийн цуглааныг хийж байгаа нь энэ. Өнөөдрийн цахим цуглаанд идэвхтэй оролцсон бүх гишүүн байгууллагууддаа баярлалаа. Бидний тавьсан шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Бид шаардлагыг хэрэгжүүлэх хүртэл нь бас шахах хэрэгтэй" хэмээв.
Засгийн газарт хүргүүлсэн шаардлагад дараах зүйлийг дурджээ
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авах
Ажлын байрыг хадгалах хамгаалах, цалин орлогыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын шаардлагатай дэмжлэг хөнгөлөлтийг үзүүлэх
-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ 2021 оны тавдугаар сарын 8-ны дотор цуцалж, холбогдох хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах
-Нийгмийн даатгалын тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг яаралтай эхлүүлэх
-Үндэсний баялгийн сангаас тэтгэврийн санг дэмжих тухай хууль, эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх
-Бараа бүтээгдэхүүний хууль бус үнийн өсөлтийг бий болгохгүй байх иргэдийн цалин орлогын худалдан авах чадварыг хамгаалах
-Онцгой нөхцөлд ажиллаж буй салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийн чиглэлээрээ тодорхой дэмжлэгийн арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
-Банкны зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүг хойшлуулах төлбөрийг чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
-Жижиг дунд бизнес эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд санхүү татварын хөнгөлөлт үзүүлэх
-Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих
-Хямралын энэхүү хүндрэлтэй цаг үед аливаа татвар шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх
-"Ковид-19" цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд учруулж буй сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр авах арга хэмжээний тусгайлсан хөтөлбөр боловсруулж тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэх
-Цар тахлын хугацаанд эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг хэрэгжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх