ХНХЯ өнгөрсөн жил Татварын ерөнхий газартай хамтран ажиллаж, Эрдэнэс таван толгой ХК-ийн хувьцааны ногдол ашгаас суутгах хувь хүний орлогын албан татвараас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Уг ажлын үр дүнд 54.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 390.8 сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлжээ. Мөн эдгээр иргэд ногдол ашгаа ямар нэг татвар суутгалгүйгээр бүрэн авах боломжийг бүрдүүлсэн гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг татвараас чөлөөлөх болон бусад олон хөнгөлөлт, үйлчилгээ байдаг ч мэдээллийн сангийн уялдаа холбоог сайн хангаагүйгээс олон үйлчилгээ иргэндээ хүрэхэд хүндрэлтэй, биеэр очиж хүсэлт гаргадаг хэвээр байна. ХНХЯ энэ байдлыг өөрчилж, төрд байгаа мэдээллийн санг ашиглаж, хоорондын уялдааг нэмэгдүүлэн татвар болон бусад хөнгөлөлтөө автоматаар эдлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.