Говь-Алтай аймгийн Чандмань сумаас 20 км зайд “Хүнхэрийн ам” гэх газар өчигдөр хоёр хүн нас барсан тухай бид мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “4-р сарын 25-ны 11.00 цагийн орчимд тус аймгийн Эрдэнэ сумаас Чандмань сум руу тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэхэд цаг агаарын нөхцөл байдал муу, цасан шуургатай, том тэрэг явах боломжгүй байсан тул иргэн Г, Б нар явганаар алхах замдаа осгосон байж болзошгүй нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлж буй” гэж мэдээллээ. Мөн иргэд хөдөө орон нутагт зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж байх, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангах, шаардлагагүй бол аль болох хөдөлгөөнд оролцохгүй байхыг албаныхан анхаарууллаа.