Манай улсад нүүдлийн мал аж ахуй зонхилон эрхэлж, малаас түүхий эдийг нь уламжлалт аргаар бэлтгээд хэдэн арван жил болж байна. Жил бүр бид ноолуур 9500, ноос 33 000 орчим тонныг нийлүүлдэг нь дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт. Мал сүргийн тоо болон бэлтгэж буй ноос, ноолуурын хэмжээ их учраас олон улсын анхаарлыг татдаг. Тодруулбал, түүхий эд бэлтгэлийн явц нь мал, амьтныг зовоогоогүй, байгальд ээлтэй, эсэх нь томоохон үйлдвэрлэгч, худалдан авагчдын сонирхлыг татаж, зарим талаар шүүмжлэлд өртөх нь бий. Тэгвэл ноос, ноолуурын улирал эхэлсэн энэ үед түүхий эд бэлтгэлийг хэрхэн зөв гүйцэтгэж буй талаар малчид, орон нутгийн удирдлага, мэргэжлийн холбооноос нь тодрууллаа.
Ховд аймгийн Дарви сумын малчин Г.Түмэндэмбэрэл “Манайх 700 орчим богтой. Жилд ноолуур 150 кг, ноос 1.6 тонн гаруйг бэлтгэдэг. Бид хэзээнээсээ ямаагаа тав, хонио зургадугаар сард самнаж, ноосолж хэвшсэн. Баруун аймгуудад цаг агаар дулаарч ямааны ноолуур хөөрөх үе буюу тавдугаар сарын дундаас хойш самнадаг бөгөөд хоёр төрлийн сам хэрэглэдэг. Хонио гар хайчаар хяргадаг. Ингэхдээ мал, амьтнаа зовоосон зүйл байхгүй. Харин ч байгаль цаг уур, малынхаа нас шүд, түүхий эдийнх нь их, багын хэмжээг харгалзан малд ээлтэй байдлаар ноос, ноолуур, арьс, ширээ бэлтгэдэг. Идэш хийхдээ ч бага насных, төлийг биш тарга тэвээрэг сайтай, хөгшнийг нь муулдаг. Нүүдлийн буюу уламжлалт мал аж ахуй бол байгаль, малд хамгийн ээлтэй хэлбэр гэхэд болно. Тиймээс манай улсад малын түүхий эдийг бэлтгэх буруу хэвшил бий, эсэхэд эргэлзэх зүйлгүй” гэсэн юм.
Урин дулааны улирал эхэлж, агаарын хэм нэмэгдэхтэй зэрэгцэн ямааны ноолуур арьснаасаа хөндийрч, хөвсийхийг хөөрөх гэнэ. Зүүн аймгуудын нутгаар эрт дулаардаг учраас дөрөвдүгээр сарын эхнээс, баруун зүгийнхэн тавдугаар сарын дунд үед ноолуураа бэлтгэж эхэлдэг. Хэрэв ямааг эрт самнавал тавлаг байдал нь алдагдан, самнах үед зовуурилан, дараа нь даарч бээрэн үхэх тохиолдол байдаг аж. Гэхдээ манай улсад ямаагаа эрт самнан, тавлаг байдлыг нь алдагдуулдаг малчин байхгүйг Монголын ноос, ноолуурын холбооныхон онцоллоо. 1990-ээд оны үед буюу иргэдийн амьжиргаа тааруу байхад ноолуур үнэтэй (ноолуур бэлтгэж эхлэх үед үнэ өндөр байгаад улмаар буурдаг жишиг бий) үед нь яаран самнаж, ахиу мөнгө олох гэсэн хандлага ажиглагдаж байсан ч одоо бол эрт самнах айл үгүй гэсэн. Түүнчлэн гурваас дээш настай ямааг л самнадаг нь төл малд ээлтэй, чанартай түүхий эд бэлтгэх нэг нөхцөл болдог юм байна. Монголын ноос, ноолуурын холбооны баталгаажуулалтын албаны дарга Б.Баясгалан “Мал адгуулах, түүхий эд бэлтгэх талаар манай улс харьцангуй “эрүүл” дадал, соёлтой. Юуны түрүүнд малаа бэлчээрлүүлдэг нь малын тавлаг байдлыг хангадаг, байгальд дасан зохицсон сайн жишиг. Түүнчлэн бүх малчин нутаг нутгийнхаа цаг уурын онцлог, агаарын хэмийг тооцон, улирлын чанартайгаар түүхий эдээ авдаг. Харин үүнийг баталгаажуулж, олон улсад таниулах нь мэргэжлийн холбоод, төрийн албаныхны ажил. Энэ ч үүднээс ХААН ширхэгт гэсэн шалгуур бий болгон, тохирлын тэмдэг олгоод багагүй хугацаа өнгөрлөө. Эрүүл, зөв аргаар бэлтгэсэн ноос, ноолуурыг үйлдвэрлэлд нийлүүлж, бүтээгдэхүүн болгож буйг гэрчилсэн баталгаа юм. ХААН ширхэгт тэмдэг нь олон улсан хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийд өрсөлдөхүйц чанарын үзүүлэлт бөгөөд цөөнгүй үйлдвэрлэгч уг шалгуур, болзлыг хангасан” гэлээ.
Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадал хязгаарлагдмал. Дотооддоо нэг жилд 3000 орчим тонн ноолуурыг үндэсний үйлдвэрүүд авч, нийт ноосны 60 хувийг угааж, боловсруулан хоёр хөрш рүү экспортолж буй. Үлдсэнийг нь ченжүүд худалдан авдаг гэсэн үг. Ченжүүдийн авч буй түүхий эдийг байгальд ээлтэй аргаар бэлтгэснийг нотлон, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд Хөдөө аж ахуйн биржийн оролцоо хэрэгтэй юм байна. Үүний тулд тус биржээс “Жишиг сум” төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор Хэнтий аймгийн Баян-Овоог жишиг хэмээн нэрлэн, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэгчээр 30 хүн сургажээ. Баян-Овоо сумын Засаг дарга н.Баянмөнх “Малын гаралтай түүий эдийг зөв бэлтгэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, түүхий эдэд анхан шатны тордолт хийж дадах зэрэг нь жишиг сумын нэг шалгуур. Манай сумын хувьд ноолуур бэлтгэл одоогоор 60-70 хувьтай байна. Үндэсний MNS1012:2016 стандарттай сам ашиглаж эхэлсэн бөгөөд хэмжээ, шүдний үзүүрийн налууг тогтоон, үсний налуугийн дагуу самнана гэсэн үг. Мөн даахь самнадаг бүдүүн шүдтэй, мохоо иртэй болон нарийн шүдтэй үзүүр нь налуу өнцөгтэй самнууд байгаа. Иймээс ямааны арьсанд ямар нэг гэмтэл үүсгэхгүйгээр ноолуураа авч байна гэсэн үг. Түүнчлэн хонь ноосолдог цахилгаан хайч авахаар төлөвлөсөн. Ийм хайчаар ноос нь хөөрсөн нэг хонийг бүрэн хяргахад гурван минут л зарцуулна. Эдгээр нь мал, байгальд ээлтэй технологи төдийгүй хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн. Цаашид илүү туршлагажин, хурдан хугацаанд, малынхаа арьс, ширийг гэмтээхгүй, чанартай түүхий эд бэлтгэж хэвшинэ гэсэн үг” хэмээн ярив.
Ноолууран бүтээгдэхүүний дэлхийн хамгийн том дэлгүүрийг Улаанбаатарт нээсэн “Говь” компани нь “Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал”-ыг нэвтрүүлсэн, жишиг үйлдвэр болжээ. Тус үйлдвэр нь түүхий эдээ бэлтгэхээс эхлүүлэн эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэх хүртэлх бүх шатанд зохистой дадал хэвшүүлсэн вертикал буюу цогцолбор үйлдвэр юм байна. Тэд ийм шалгуурыг хангахын тулд ноолуур самнах, ангилахаас эхлүүлэн нийгэм, байгаль орчинд ээлтэй байдлыг ханган, хөдөлмөр хамгааллыг сайжруулан, дамжлага бүртээ зохих шинжлгээ хийлгэн 116 нөхцөл, шалгуураар үнэлэгдсэн аж. Тиймээс “Говь”-ийн бүтээгдэхүүн дэлхийн аль ч улсад гарал үүсэл, үйлдвэрлэлийн технологийн хувьд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг.
Малын гаралтай түүхий эд бэлтгэлийн хэмжээгээр тэргүүлэгчдийн тоонд ордог БНХАУ, Австрали зэрэг улсад гол төлөв бэлчээрийн бус аргаар мал, амьтнаа адгуулдаг. Мөн нэг фермерт ногдох малын тоо цөөн учраас хоол тэжээлд нь илүүтэй анхаарч, чанартай түүхий эд авахын тулд малдаа амин дэм хүртэл өгдөг байна. Хонио цахилгаан багажаар ноосолж хэвшсэн бол ноолуураа манайхтай адилхан гар аргаар самнасаар байгаа аж. Эндээс манай улсад уламжлалт аргаар малын түүхий эд бэлтгэх нь байгаль, мал, нийгэмд ээлтэй технологи хэвээр буй нь харагдлаа. Үүнийгээ холбогдох байгууллагууд нь тогтоон, чанарын шаардлага хангасан хэмээн дүгнэн, баталгаажуулж үйлдвэрүүд ч зохист дадлыг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц жишигт хүрчээ. Ташрамд дурдахад, ecocult.com цахим хуудсанд хамгийн эрүүл аргаар бэлтгэсэн ноолуур, ноосыг дэлхийд БНХАУ болон Монгол Улс нийлүүлж байна гэжээ. Харин Монголд ямааны тоо хэт олширч буй нь цөлжилттэй газар нутгийг тэлж, улс дамнасан шороон шуурга үүсгэх давтамжийг өсгөж буй учраас ноолууран бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзах нэг нөхцөл болохыг дурдсан байна.